Амбер Юхань “Mongolia” туузтайгаар тэмцээнд оролцсоор байна

0 comments
Амбер Юхань

Тайландын Бангкок хотод үргэлжилж буй “Miss Grand International 2026” тэмцээнд Амбер Юхань Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэгдсэн хэвээр байна. Тэрбээр өнөөдрийн байдлаар “Mongolia” гэсэн тууз зүүж, Монгол Улсын төрийн далбаатайгаар тэмцээний албан хөтөлбөрүүдэд оролцож байгаа аж.

Тус тэмцээн есдүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 10-ны финалын шалгаруулалтаар өндөрлөх хуваарьтай. Оролцогчид есдүгээр сарын 18-19-нд Тайландад цугларсан байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэдээлснээр энэ асуудлаар Тайланд дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд ханджээ. Мөн салбарын сайд Тайландын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлсэн боловч одоогоор албан хариу ирээгүй байгаа аж.

Иймээс Амбер Юхань ямар үндэслэлээр Монгол Улсыг төлөөлөх эрх авсан, энэхүү эрхийг хэн болон ямар журмаар олгосон нь тодорхойгүй хэвээр байна.

Албан бүртгэлд Монголын төлөөлөгчөөр бүртгэгджээ

“Miss Grand International”-ийн албан ёсны бүртгэлд Амбер Юханийг Монгол Улсын төлөөлөгчөөр танилцуулсан байна. Түүний танилцуулгад 177 см өндөртэй, гоо сайхны салбарт бизнес эрхэлдэг гэж дурджээ.

Харин цахим орчинд түүнийг БНХАУ-ын иргэн гэх мэдээлэл тархсан ч энэ нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй байна. Үүнтэй холбоотойгоор Монголын холбогдох байгууллагууд түүний иргэншил болон Монгол Улсыг төлөөлөх эрхийн үндэслэлийг тодруулахаар ажиллаж байгаа гэж эх сурвалжид мэдээлжээ.

Одоогоор тэмцээний зохион байгуулагч талаас Амбер Юханийн бүртгэлийг цуцалсан, өөрчилсөн эсвэл Монгол Улсын төлөөлөгчийн статусаас хассан тухай мэдээлэл гараагүй байна. Тиймээс тэрбээр тэмцээний хөтөлбөрт Монголын нэрийн өмнөөс оролцсоор байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй