Холливудын од Жон Малкович Хорватын иргэн боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Жон Малкович

Дэлхийн кино урлагийн амьд домог, алдарт жүжигчин Жон Малкович иргэншлээ сольж, Хорватын иргэн болсон тухай албаны эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү түүхэн шийдвэрийг тус улсын Засгийн газраас албан ёсоор баталгаажуулсан байна.

Хорватын Дотоод хэргийн сайд Давор Божинович өөрийн “X” хуудсаараа дамжуулан “Өнөөдөр болсон богинохон ч тун чухал хуралдаанаар бид Жон Малковичид Хорватын иргэншил олгохоор санал нэгтэй шийдвэрлэлээ. Дэлхийн кино урлагт байгуулсан гавьяатай, олон сайхан дүр бүтээсэн тэрээр шинэ дүр сонголоо. Жон Хорватын иргэн болсон гэж ёслол төгөлдөр мэдэгдсэн байна” хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович жүжигчний энэхүү алхмыг өндрөөр үнэлээд, түүний замнал залуу үед үргэлж үлгэр дуурайл болж байдгийг онцолсон юм. Ерөнхий сайд хэлэхдээ, жүжигчин өөрийн өвөг дээдэс, хорват гарал угсаагаа үргэлж бахархан дээдэлж явдагт туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Холливудын од Жон Малкович Хорватын иргэн боллоо

Жон Малковичийн гэр бүлийн түүхийг сөхвөл, түүний өвөө, эмээ нар Хорватын Озаль хотоос гаралтай бөгөөд хожим АНУ-д цагаачлан суурьшсан түүхтэй. Малкович өөрөө ч өөрийн гарал угсаандаа ихээхэн ач холбогдол өгдөг нэгэн бөгөөд 2021 онд өгсөн нэгэн ярилцлагадаа өөрийгөө “50 хувь хорват хүн” хэмээн бахархан тодорхойлж байсан юм. Ийнхүү алдарт жүжигчин өвөг дээдсийнхээ нутагтай албан ёсоор холбогдож, Хорватын нэр хүндтэй иргэдийн нэг боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй