Хотын төв дэх “ногоон дээвэртэй” барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгох түүхэн шийдвэр гарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ногоон дээвэртэй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар манай улсын ирээдүй хойч үе рүү чиглэсэн нэгэн томоохон шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. Сүхбаатарын талбайн баруун талд орших, олны дунд “ногоон дээвэртэй” хэмээн нэршиж заншсан нийслэлийн хуучин захиргааны барилгыг бүрэн чөлөөлж, Хүүхэд хөгжлийн ордон болгон өөрчлөхөөр болсон байна. Хотын төв цэгт байрлах эл обьектыг хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи болон инновацын бүтээлч сэтгэлгээнд сургах цогц орон зай болгон ашиглахаар төлөвлөжээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр болсон тус хурлаар гүйцэтгэх засаглалын тэргүүн Монголын хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн салбарт тулгамдсан гашуун үнэнийг статистик тоонд тулгуурлан ил тод шүүмжлэв. Тэрбээр манай улсын гурван монгол хүн тутмын нэг нь хүүхэд атлаа тэдэнд ээлтэй орчин нөхцөл дутагдаж, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж буйг түгшүүрийн дохио хэмээн сануулсан юм.

Засгийн газрын тэргүүний танилцуулсан хүүхдийн аж амьдрал, эрүүл мэндийн сэтгэл түгшээсэн үзүүлэлтүүд:

  • Төрөлтийн бууралт: 2025 онд 2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоос 3,603-аар бага байна.
  • Эндэгдлийн түвшин: Эхийн эндэгдэл 2025 онд 31.4 промил, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.7 промилээр өссөн байна.
  • Өсвөр насныхны асуудал: Өсвөр насны охидын төрөлт Номхон далайн баруун эргийн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр байгаа бөгөөд өсвөр насны 2 хүүхдийн нэгийнх нь эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байна.
  • Эрүүл мэнд ба осол: Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчтэй, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдалтай гарсан төдийгүй нэг жилд 50 гаруй буюу танхим дүүрэн багачууд зам тээврийн ослоор амиа алдаж байна.

Өнгөрсөн зуунд хүүхдийн төлөө бүтээсэн кино театр, зуслан, номын сан, хэвлэлийн газар, хүүхдийн парк зэрэг орон зайнууд нийгмийн шилжилтийн үеийн өмч хувьчлалын сүүдэрт өртөж, банк, бирж, хүнсний зах болон хувирсныг Ерөнхий сайд харамсан тэмдэглэв. Өдгөө сая хүүхэд өсөж өндийж байгаа Улаанбаатар хот ердөө ганцхан Хүүхдийн ордонтой тул хүүхдүүд багтахгүй, хонгил подвалаа хүртэл ашиглаж буй хүнд нөхцөл үүсжээ. Тэрбээр “Энэ шийдвэр бол Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд ч, дөрвөн хүүхдийн эцэг хүний хувьд ч алдсан боломжоо буцаан авч, хүүхдийн баярыг угтсан шийдэл юм” хэмээн онцоллоо.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлого нь хүүхдэд халтай чөдөр тушааг тайлж, тэдэнд ээлтэй орчныг чөлөөлөх зам хэмээн Ерөнхий сайд тодотголоо. Төлөвлөгөө ёсоор шинээр байгуулагдаж буй “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцах бөгөөд ямар нэгэн дарга, захирлын орон тоо нэмэхгүйгээр зөвхөн хүүхдийн сурах зай талбайг тэлэх аж. Тус барилгын их засвар, тохижилтын ажилд Хүүхдийн төлөө санд байгаа, энэ онд зарцуулах 7 тэрбум төгрөгийг бүрэн зориулахаар шийдвэрлэжээ. Эцэст нь тэрбээр үндэсний компаниуд, баялаг бүтээгчдийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус ордонд өөрсдийн нэрэмжит сургалтын танхимуудыг тохижуулж, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй