Ховд, Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ховдын Булган

Баруун бүсийн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол идэвхжиж, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан орон нутгийн удирдлагуудын зүгээс шуурхай хязгаарлалт тогтоож эхэллээ. Тухайлбал, Ховд аймгийн Булган болон Үенч сумдын нутагт өвчлөл эрчимтэй газар авч, халдварласан малын тоо хэдийнэ 200-аас даваад байна.

Халдварын эрсдэлт нөхцөл байдал өндөр байгаа тул Ховд аймгийн Онцгой байдлын комиссоос баруун бүсийн гурван сумын нутаг дэвсгэрт өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Уг зохицуулалтын хүрээнд сум, баг хоорондын иргэдийн хөдөлгөөн, мал сүргийн шилжилт болон авто тээврийн хэрэгслийн урсгалыг бүрэн хаасан байна. Мөн Булган, Үенч сумдад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 13 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа бөгөөд халдварын голомтын бүсэд хяналт тавих 22 эргүүл, постыг гаргажээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Баян-Өлгий аймагт анх бүртгэгдсэн Sat-1 хэв шинжийн шүлхий өвчин нь улсын хил дамжин орж ирсэн бөгөөд Монгол Улсад урьд өмнө нь илрүүлж байгаагүй шинэ төрөлд тооцогдож байна. Голчлон Ойрхи Дорнод болон Төв Азийн зарим улс орнуудад тархдаг энэхүү хэв шинжийн эсрэг вакцин одоогоор байхгүй байгаа тул мэргэжлийн байгууллагууд болон мал эмнэлгийн газраас малчдад дараах анхааруулга, зааварчилгааг өгч байна.

  • Уг хэв шинжийн вакцин байхгүй тул тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга нь өвчилсөн болон сэжигтэй малыг шууд устгалд оруулах явдал юм.
  • Малчид халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, малын шилжилт хөдөлгөөнийг дур мэдэн хийхгүй байх шаардлагатай.
  • Малын биед өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдээлэх үүрэгтэй.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлснээр, орон нутгийн холбогдох албаныхан нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Цаашид малчид болон иргэдийг сонор сэрэмжтэй байж, албан ёсны заавар зөвлөмжийг дагахыг уриаллаа.

Эх сурвалж: Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй