Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хохироосон нь шүүхээр тогтоогдсон М.Батчулуун анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурлын тов ойрын хугацаанд гарах төлөвтэй байна.
М.Батчулууны холбогдсон хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны тавдугаар сарын 6-нд хэлэлцэж, гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ял оноосон юм.
Харин тэрээр уг шийдвэрийг эс зөвшөөрч өнгөрсөн наймдугаар сард давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар шүүх хүсэлтийг хүлээн авч, хэргийг Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ.
М.Батчулуун давж заалдах болсон талаар хохирогчдын гэр бүлийн төлөөлөл П.Сувданхуяг гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.
“М.Батчулуун шүүх хурал дээр таарчхаад огт уучлал хүсээгүй. Харин ч давж заалдаж хүсэлт гаргасанд нь гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нотлох баримтаа устгасны дараа ийм үйлдэл хийж буй нь аймшигтай. Шүүх давж заалдах хүсэлттэй танилцаж гарын үсэг зур гэсэн. Зурахгүй байсан ч давж заалдах шүүх хурал товлогдоно гэж байна” гэлээ.
Ийнхүү бүх насаар хорих ял сонссон М.Батчулууны хэргийг Давж заалдах шатны шүүх дахин хянан хэлэлцэхээр болсон бөгөөд хурлын тов одоогоор зарлагдаагүй байна.
