4-р сарын 23-нд дэлгэцнээ гарсан Америкийн нэрт дуучин Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн “Майкл” (Michael) намтар кино дэлхийн кино театраас 1 тэрбум ам.долларын орлого оллоо.
Variety хуудасны мэдээлснээр, энэхүү бүтээл нь Lionsgate студийн түүхэн дэх хамгийн их ашиг олсон кино төдийгүй дэлхийн түүхэнд хамгийн өндөр орлоготой намтар кино болж байна.
Кассын орлогын шинэ дээд амжилт
Уг бүтээл Америкийн кино театруудаас 371.8 сая доллар, харин олон улсын зах зээлээс 629.8 сая долларын орлого цуглуулжээ. Зөвхөн нээлтийнхээ эхний амралтын өдрүүдэд л гэхэд 314 сая доллар олсон байна. Киног дахин гаргаж үзүүлсний ачаар “Майкл” кино намтар кинонуудын дунд дэлхийн кассын орлогоор тэргүүлж эхэллээ. Тэрээр 2023 оны “Оппенгеймер” (975 сая доллар) болон 2018 оны хамгийн ашигтай хөгжмийн намтар кино байсан “Bohemian Rhapsody” (911 сая доллар) кинонуудыг гүйцэж түрүүлсэн байна.
Студийн амжилт ба найруулагчийн сэтгэгдэл
Киног продюсорлосон Lionsgate студи Хойд Америк дахь борлуулалтыг хариуцсан бол Universal студи олон улсын гаргалтыг зохион байгуулжээ. Үүнээс өмнө Lionsgate-ийн хамгийн өндөр орлоготой кино нь 2013 оны “The Hunger Games: Catching Fire” (865 сая доллар) байсан юм.
Киноны найруулагч Антуан Фукуа 1 тэрбум долларын босгыг давсан нь “сэтгэлийг маш их хөдөлгөж байна” гээд “Энэхүү амжилт бол түүхэн дэх хамгийн агуу уран бүтээлчдийн нэгний дурсгалыг хүндэтгэх гэсэн нэгэн зорилгын дор нэгдсэн бүх хүмүүсийн гавьяа юм” хэмээн мэдэгджээ.
“Майкл” кино нь алдартай дуучны “Jackson 5” хамтлагаас поп хөгжмийн хаан болох хүртэлх амьдралын замыг өгүүлдэг. Майкл Жексоны дүрийг түүний ач хүү Жаафар Жексон бүтээсэн бөгөөд энэ нь залуу жүжигчний кино урлаг дахь анхны дебют дүр юм.