“CHECK MEDIA” агентлагийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан олон улсын тулааны спортын тавцанд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг гаргалаа. Арваннэгдүгээр сарын 13–14-ний өдрүүдэд Тайландын Паттаяа хотноо зохион байгуулагдсан Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр хоёр өөр төрлөөр хүч үзэж, тус бүрд нь медалийн тавцанд зогссон байна.
Хоёр төрөлд хүч сорьж, алт, мөнгөн медалиар энгэрээ мялаалаа
Энэ удаагийн тивийн аваргын тэмцээнд нийт 23 орны 240 тамирчин 58 ангилалд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлджээ. Ширүүн өрсөлдөөн дундаас Т.Цолмонсайхан тулааны төрөлд өрсөлдөгчдөө илүүрхэн аваргын алтан медаль хүртсэн бол өөрийгөө хамгаалах төрөлд дэд байр эзэлж, мөнгөн медалийн эзэн болсон юм.
Хэвлэл мэдээллийн салбарт хүчин зүтгэхийн зэрэгцээ тулааны спортоор тууштай хичээллэж буй түүний энэхүү амжилт нь хувь хүний сахилга бат, бэлтгэл сургуулилтын үр дүнг илтгэн харууллаа. Тивийн хэмжээний томоохон тэмцээнд нэгэн зэрэг хоёр төрлөөр амжилт гаргасан нь Монголын тамирчдын олон улсад өрсөлдөх чадвар өндөр байгаагийн бас нэгэн баталгаа болж байна.
