“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуангийн эргэн тойронд олон улсын томоохон дуулиан улам даамжирч байна. Өдгөө 63 настай бизнесмэн Бээжингийн талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Хятадын бизнес эрхлэгч Элис Хуангтай (Хуанг Лө) хувийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсний дараа барууны хэвлэлүүд тус эмэгтэйн хувийн амьдрал болон бизнесийн сүлжээний нарийн ширийн баримтуудыг дэлгэж эхэлжээ. Энэ тухай “Mirror” сонин мэдээллээ.
“The New York Times”, “The Wall Street Journal” зэрэг хэвлэлүүдэд нийтлэгдсэнээр Элис Хуанг нь Хятадын хөрөнгө оруулагч, “Megaspeed” компанийн ажилтан Кан Вэй гэгчтэй санхүүгийн болон хувийн дотно харилцаатай байсан бөгөөд Кан Вэй өөрийгөө түүний нөхөр гэж танилцуулдаг байсан аж.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус хос “Nvidia”-ийн удирдагчтай тогтоосон харилцаа холбоогоо ашиглан их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд тухайлбал, 2020 онд Хятадын технологийн аварга “Tencent” корпорацын хиймэл оюуны төвийг байгуулах томоохон гэрээг авч байсан байна. Түүнчлэн Кан Вэйгийн үүсгэн байгуулсан “Hexi Capital” компани нь дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийсэн (инсайдер арилжаа) болон хувьцааны бүтцээ нуун дарагдуулсан зөрчлөөр зохицуулах байгууллагуудаас өмнө нь удаа дараа торгууль хүлээж байжээ.
АНУ-ын тусгай албад Элис Хуангийг дэвшилтэт хагас дамжуулагч технологид нэвтрэх зорилгоор БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яаманд ажиллаж байсан хэмээн сэжиглэж байгаа бол Бээжингийн эрх баригчид эдгээр буруутгалыг няцаасаар байна. Энэхүү дуулианы улмаас “Nvidia”-ийн хувьцаа 4.3 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 190 тэрбум ам.доллароор хорогдоод байгаа юм. “Nvidia”-ийн удирдах зөвлөл дотоод шалгалт явуулж эхэлснээ мэдэгдсэн ба улсын аюулгүй байдалд хамаарах нууц мэдээлэл алдагдсан баримт одоогоор тогтоогдоогүй байгааг онцолжээ.

2 comments
Баян хүмүүсийн амьдрал ч кино шиг л байх юм аа, юун ч орооцолдсон юм бэ дээ
Хөгшин хүн байж юун ч дуулиан шуугианд ордог юм, ажлаа л хийж байхгүй дээ