ОХУ-ын Москва болон бусад томоохон хотуудад гар утасны интернет олноор тасарч эхэллээ. Орон нутгийн эрх баригчид үүнийг “Ялалтын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацаанд “аюулгүй байдлыг хангах үүднээс” авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэмээн тайлбарлаж байна.
Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр холбооны операторууд Москва болон Санкт-Петербург хотын оршин суугчдад гар утасны интернет болон мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд түр хугацааны хязгаарлалт тогтоох тухай мэдэгдэл илгээж байгааг мэдээлсэн. Энэхүү нөхцөл байдал 5 дугаар сарын 5-наас 9-нийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна.
“Downdetector” болон “Сбой-рф” зэрэг үйлчилгээний мэдээллээр, 5 дугаар сарын 5-ны өглөөний 08:00 цагийн орчимд гомдол санал огцом нэмэгджээ. Холбооны МТС, Т2, Мегафон, Билайн болон Yota операторын хэрэглэгчдэд саатал гарсан бөгөөд Т2 операторын хувьд Москва орчмын оршин суугчид мөн асуудалтай тулгарчээ.
Үүрэн холбооны операторууд хэдийнэ захиалагчдадаа холбогдох мэдэгдлийг илгээж эхэлсэн байна. Тэд хэрэглэгчдэдээ Wi-Fi ашиглах болон VoLTE (LTE сүлжээгээр дуут дуудлага хийх технологи) горимыг идэвхжүүлэхийг зөвлөж байгаа аж.
ОХУ-ын иргэд энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаа бөгөөд хязгаарлалтын үеэр нээлттэй байна гэж амласан “цагаан жагсаалт”-д (хязгаарлалтад орохгүй вэбсайтууд) багтсан сайтууд хүртэл ажиллахгүй байгааг шүүмжилж байна. Үүнд төрийн үйлчилгээний “Госуслуги”, “Яндекс” хайлтын систем болон Оросын олон нийтийн сүлжээнүүд багтаж байгаа юм.
Москва болон Санкт-Петербург хотуудад 5 дугаар сарын 9-ний өмнө гар утасны интернет тасалж буй нь анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн жил мөн адил холбоо тасарч байсан билээ. Тухайн үед Оросын эрх баригчид үүнийг “шаардлагатай арга хэмжээ” гээд, Ялалтын парадын бэлтгэл ажил болон зохион байгуулалттай холбоотой хэмээн мэдэгдэж байв.
Дашрамд дурдахад, Украинд түрэмгийлснээс хойш Оросын эрх баригчид интернет орчинд хяналтаа чангатгасан юм. Тухайлбал, Facebook, Instagram, Discord болон бусад алдартай платформуудыг хаасан. Мөн VPN үйлчилгээнүүдийг олноор нь устгаж, ашигласан тохиолдолд торгох арга хэмжээ авч байна.
2026 он гэхэд энэхүү хяналт улам бүр нэмэгджээ. 2025 оны 7 дугаар сард Орост Хятадын “WeChat”-тай төстэй, VK компаниас гаргасан “Max” хэмээх шинэ мессенжерийг нэвтрүүлсэн. Уг аппликейшн нь хэрэглэгчийн микрофон, камер, байршил, харилцах хаяг болон файлуудад хандах эрхтэй бөгөөд тусгай албадын хяналтад байдаг аж. Хожим нь эрх баригчид Орост зарагдаж буй бүх шинэ төхөөрөмж дээр “Max”-ыг урьдчилан суулгасан байхыг үүрэг болгосон бөгөөд төрийн албан хаагч, багш, оюутнууд заавал энэхүү платформыг ашиглах ёстой болоод байна.