Нийгмийн сүлжээнд орлон тоглогчийн тухай яриа гарчээ
2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-нд АНУ, Канад, Мексикт эхэлсэн. Мексикт болсон албан ёсны нээлтийн ёслолын үеэр Колумбын дуучин Шакира тайзнаа гарсан ч түүний тоглолтын дараа олон нийтийн сүлжээнд гэнэтийн маргаан өрнөжээ.
Euronews-ийн мэдээлснээр, зарим хэрэглэгч Шакира өөрөө бус, түүний орлон тоглогч нээлтийн ёслолд оролцсон байж магадгүй гэж таамагласан байна. Энэ удаагийн тоглолт нь дуучны хувьд дэлхийн аваргын тайзнаа гарсан дөрөв дэх тохиолдол болсон бөгөөд энэ нь уран бүтээлчдийн дундах рекорд үзүүлэлт юм.
Шакира Мехико хотод тэмцээний сүлд дуу Dai Dai-г дуулжээ. Гэвч тоглолтоос хэдхэн цагийн дараа хүмүүс дуу, ёслолын талаар бус, харин тайзан дээр байсан хүн үнэхээр Шакира мөн эсэхийг хэлэлцэж эхэлсэн байна.

Маргаан үүсэхэд дуучны хөдөлгөөн, хувцаслалт, үсний өнгө нөлөөлжээ. Нэг хэрэглэгч түүнийг Dai Dai дууг дуулахдаа алхмаа буруу хийсэн гэж бичиж, энэ нь Шакира биш, харин дублёр байсан гэх таамаг дэвшүүлсэн байна. Мөн дуучин тод шар хувцас, цагаан пүүз өмсөж, том шил зүүсэн нь зарим хүнд танихад хүндрэлтэй санагджээ.
Шакирагийн баг албан ёсоор тайлбар хийгээгүй байна
Шакирагийн баг энэ ярианд одоогоор хариу өгөөгүй байна. Гэхдээ дуучин нээлтийн тоглолтын өмнөх өдрүүдэд бэлтгэлийн зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд хуваалцсан байв. Мөн тэрээр тэмцээний сүлд дууг хамт дуулсан Burna Boy болон нээлтийн ёслолд оролцсон бусад уран бүтээлчидтэй авахуулсан зургаа нийтэлжээ.
Euronews нэгэн нарийн детальд анхаарал хандуулсан байна. Шакирагийн духан дээр олон жилийн турш авсан гэрэл зургуудад нь харагддаг жижиг сорви байдаг. Нээлтийн ёслолд оролцсон дуучны духан дээр ч ижил сорви ажиглагдсан нь тайзан дээр байсан хүн Шакира өөрөө байсан гэх үндэслэл болж байна.
Ингэснээр Шакирагийн тоглолт зөвхөн ДАШТ-ий нээлтийн хөгжмийн хэсгээр бус, түүний жинхэнэ эсэхтэй холбоотой цахим маргаанаар олны анхааралд оржээ.
