“Дакар-2026” Залуучуудын IV зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан тамирчид, дасгалжуулагчид болон спортын холбоодын төлөөллийг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар тэднийг Олимпик хауст хүлээн авч, наадамд оролцох бэлтгэл ажлын талаар санал солилцсон байна.
Одоогоор Монгол Улсаас спортын 6 төрөлд нийт 10 тамирчин “Дакар-2026” наадамд өрсөлдөх эрхээ аваад байна. Үүнд багийн болон ганцаарчилсан төрлүүд багтаж байгаа бөгөөд залуу тамирчид олон улсын томоохон тавцанд ур чадвараа сорихоор болжээ.
Монголын багийн эрх авсан төрлүүд:
- 3х3 сагсан бөмбөг – 4 тамирчин
- Усанд сэлэлт – 2 тамирчин
- Бокс – 1 тамирчин
- Жүдо – 1 тамирчин
- Дугуй – 1 тамирчин
- Элсний бөх – 1 тамирчин
“Дакар-2026” Залуучуудын IV зуны олимпын наадам 2026 оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 13-нд Сенегал улсын Дакар хотноо болно. Энэ удаагийн наадам Африк тивд зохион байгуулагдах анхны Олимпын спортын наадам гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм.

Монголын залуу тамирчид өмнөх Залуучуудын олимпын наадмуудад амжилттай оролцож ирсэн уламжлалтай. “Сингапур-2010” залуучуудын анхдугаар зуны олимпын наадамд гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд, чөлөөт бөхийн охидын 60 кг-ын жинд Б. Батцэцэг нар алтан медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүлсэн билээ.
Түүнээс хойш “Наньжин-2014” залуучуудын II зуны олимпын наадамд чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн. Харин “Буэнос-Айрес-2018” залуучуудын III зуны олимпын наадамд жүдо бөхийн төрөлд Г.Тэмүүжин хөвгүүдийн 55 кг-д, Л.Сосорбарам охидын 52 кг-д тус тус мөнгөн медаль, чөлөөт бөхийн охидын 65 кг-ын жинд Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байв.
Ийнхүү Монголын өсвөр, залуу үеийн тамирчид олимпын залгамж халаагаа үргэлжлүүлэн “Дакар-2026” наадамд оролцохоор бэлтгэж байна. Сенегалын Дакар хотноо болох энэхүү наадам нь тэдний хувьд олон улсын тавцанд өөрийгөө батлах, Монголын спортын ирээдүйг харуулах чухал боломж болох юм.