Table of Contents
Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шийдвэрийг шүүгч Д.Шинэхүү гаргалаа. Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, зарим нөхцөл байдлыг нэмж тодруулах шаардлагатай гэж үзсэн байна.
Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний 10:00 цагт эхэлж, 18:00 цагт өндөрлөжээ. Хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Б” танхимд болсон юм.
Хэргийн материалтай бүрэн танилцах эрхийг хязгаарласан гэж үзжээ
Дээрх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуульд заасан эрхийг хязгаарласан эсэх асуудлыг авч үзжээ. Улмаар хэргийн материалтай бүрэн танилцах боломж олгоогүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн байна.
Тендерийн үнэлгээтэй холбоотой нөхцөл байдлыг нэмж шалгана
Шүүхээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээг тендерийн сонгон шалгаруулалтын аль шатанд, ямар хугацаанд хийлгэх ёстой байсныг тодруулах шаардлагатай гэж үзжээ. Энэ асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргуулахаар болсон байна.
Мөн Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарыг өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор нөлөөлсөн гэх нөхцөл байдлыг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзсэн аж. Үүний тулд тендерийн Үнэлгээний хорооны гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд заавал оролцуулж, холбогдох үйл явдлыг тодруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэжээ.
2.48 тэрбум төгрөгийн хохирол болон хөрөнгийн үнэлгээг тодруулах шаардлагатай
Уг эрүүгийн хэрэгт нийт 2 тэрбум 486 сая 484 мянган төгрөгийн хохирол учирсан гэж үзэж, уг мөнгийг гаргуулан улсын орлого болгохоор тусгасан байна.
Гэвч шүүхээс хууль бусаар олсон гэх орлоготой холбоотой хөрөнгийн үнэлгээг бүрэн тогтоох шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, хэрэгт дурдагдсан орон сууц, автомашин, автозогсоол зэрэг эд хөрөнгийн үнэлгээг нарийвчлан тогтоох шаардлагатайг онцолсон байна.
Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан гэж үзсэн эрхийн зөрчил болон нэмэлтээр тогтоох шаардлагатай нөхцөл байдлыг үндэслэн Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэжээ. Энэ нь гэм бурууг эцэслэн тогтоосон шийдвэр биш бөгөөд хэрэгт холбогдогчдын гэм бурууг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогоогүй байна.
