Үзэгчдийн хүлээлтэд байсан “Баян аниа” инээдмийн уран сайхны кино 2026 оны есдүгээр сарын 25-ны баасан гарагаас эхлэн кино театруудаар гарч эхэллээ. Тус киноны гол дүрд цахим орчинд “Хоронзон гишүүн”-ий дүрээрээ олонд танигдсан залуу жүжигчин Д.Дөлгөөншүр тоглосон юм.
Энэхүү бүтээлийн зохиолыг Э.Баасандорж бичиж, О.Сэргэлэн найруулжээ. Киноны дүрүүдэд залуу жүжигчин Д.Дөлгөөншүрээс гадна Р.Сүхболд, Ж.Мөнхсайхан, Х.Цасчихэр, Н.Энхзаяа, М.Саранцэцэг нар хамтран тоглосон байна.
Жүжигчин Д.Дөлгөөншүрийн уран бүтээлийн замнал
Улаанбаатар хотод төрж, Баянхонгор аймагт өссөн Д.Дөлгөөншүр багаасаа буюу II ангидаа “Уран жиргээ” уралдаанд түрүүлснээс хойш урлагтай амьдралаа холбожээ. Тэрбээр 2022 онд СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн удирдлага дор найруулагч мэргэжлээр төгссөн юм.
Төгссөнийхөө дараа МҮОНРТ-ийн “Өглөөний хөтөлбөр”-т ассистент найруулагч, Монголын радиод нэвтрүүлэгч, “NTV” телевизэд эвлүүлэгчээр ажиллаж байв. Улмаар жүжиглэх сонирхолдоо хөтлөгдөн үеийн залуустайгаа хамтран видео контент хийж эхэлсэн нь түүнийг олон нийтэд таниулж, ийнхүү дэлгэцийн гол дүрд тоглох эхлэл болжээ.
