“The Devil Wears Prada 2” киноны гол дүрүүд хэдэн долларын цалин авсан нь тодорхой болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мерил Стрип

Америкийн долоо хоног тутмын “Variety” сэтгүүл Мерил Стрип, Энн Хэтэуэй болон Эмили Блант нар “The Devil Wears Prada 2” кинонд тоглохдоо хэдэн ам.долларын гонорар авсныг олж тогтоожээ.

Кино бүтээгчдийн хувьд эхний ангид загварын сэтгүүлийн эрхлэгч Миранда Пристлигийн дүрийг чадварлаг бүтээсэн Мерил Стрипийг дахин тоглуулах нь хамгийн чухал зорилт байсан гэдгийг онцолсон байна.

“Оскар”-ын шагналд 21 удаа нэр дэвшиж байсан туршлагатай жүжигчин Мерил Стрип тус киноны үргэлжлэлд тоглохдоо 12.5 сая долларын цалин авчээ. Гэхдээ тэрээр хамтран тоглогчдоо марталгүй нэгэн чухал нөхцөл тавьсан нь Энн Хэтэуэй, Эмили Блант нарт өөртэй нь ижил хэмжээний цалин олгох байв. Үүний үр дүнд хоёр жүжигчин бүсгүй хуучин дүрээрээ эргэн ирэхдээ тус бүр 12.5 сая долларын гонорар авсан байна. “Энэ бол анхны ангийг жинхэнэ хит болгож чадсан ‘алтан гурвал’-ыг хүндэтгэсэн Стрипийн зүгээс гаргасан бахархууштай алхам юм” хэмээн мэдээлэлд дурджээ.

Найман оронтой тоогоор хэмжигдэх цалингаас гадна гурван жүжигчин бүсгүй киноны ашиг орлогоос тодорхой бонус авахаар гэрээлсэн бөгөөд энэхүү урамшуулал нь кино театруудын орлого нэмэгдэхийн хэрээр өсөх аж. Ийм түвшний одуудын хувьд энэ нь түгээмэл туршлага боловч тус киноны амжилт ер бусын байгаа тул бонусын хэмжээ аль хэдийн бодит орлого болж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, киноны нэр хүнд одоогийн хурдаараа хадгалагдвал жүжигчин бүрийн нийт орлого 20 сая доллароос давж магадгүй байна.

“The Devil Wears Prada 2” кино 2026 оны тавдугаар сарын 1-нд дэлхийн дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Хоёрдугаар ангийн үйл явдал “Runway” сэтгүүлийн нийтлэлийн хэлтсийн редактор болсон Энди Сакс (Энн Хэтэуэй) болон ерөнхий редактор Миранда Пристли (Мерил Стрип) нарын эргэн тойронд өрнөнө. Сэтгүүлийн нэр хүндийг сэргээх гэсэн тэдний оролдлого Мирандагийн туслах байсан, одоо нөлөө бүхий нэгэн болсон Эмили (Эмили Блант)-тэй эргэн учруулж байгаагаар үргэлжилдэг. Түүнчлэн энэхүү ангид жүжигчин Стэнли Туччи эргэн ирж тоглосон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй