Японы 42 настай иргэн Манами Ито хиймэл гараараа хийл тоглодог дэлхийн анхны хөгжимчин хэмээн Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгджээ. Түүний баруун гарыг мөрнөөс нь бүхэлд нь тайрсан байна. Энэ тухай Гиннесийн дээд амжилтын албан ёсны сайтад мэдээлжээ.
Ито багаасаа хийл тоглодог байсан. 2004 онд зам тээврийн ослоор баруун гараа алдсаны дараа тэр хөгжмийн замнал нь дууссан гэж олон жилийн турш бодож явжээ.
Гэвч тусгайлан хийсэн хиймэл гар болон ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэгээр дуртай зүйлдээ эргэн орж чадсан байна. Ито хийл тоглож дахин сурсан ч олны өмнө тоглох өөртөө итгэх итгэлээ олж авахын тулд дахин гурван жил зарцуулжээ.
Бүх биеийн хөдөлгөөнөөрөө нумыг удирддаг
Манами Ито хиймэл гараараа дангаар нь хийлийн дуу гаргах боломжгүй тул бүх биеийн хөдөлгөөнөө ашигладаг гэж тайлбарласан байна.
“Зөвхөн хиймэл гараар дуу гаргах боломжгүй. Би утасны өнцгийг тохируулж, дууны хүчийг өөрчлөхийн тулд бүх биеэ ашигладаг. Зүүн мөрнөөс нуруу руу татсан утас баруун далны хөдөлгөөнөөр чангардаг. Харин хиймэл гарын үеийг хөдөлгөхөд гарын үзүүрт бэхэлсэн нум хөдөлж, хийл тоглох боломж бүрддэг” гэж тэр ярьжээ.
Манами хийлийн нумыг чавхдас дээр хангалттай хүчтэй дарж чаддаггүй тул одоо илүү хүнд виолончелийн нум ашиглаж, түүнд нэмэлт жин бэхэлдэг байна.

Паралимпод оролцож, дараа нь тайзнаа эргэн иржээ
Ослын дараа Ито нөхөн сэргээх эмчилгээний нэг хэсэг болгон усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн байна. Тэр 2008 оны Бээжингийн болон 2012 оны Лондоны Паралимпын наадамд оролцжээ.
Хожим нь спортын карьераа дуусгаж, сувилагчаар ажиллан, гэр бүлтэй болсон байна. Харин хэдэн жилийн дараа 2020 оны Токиогийн Паралимпын наадмын нээлтийн ёслол дээр хийл тогложээ.
