Нью-Йоркт галзуу өвчинтэй элбэнх олноор бүртгэгджээ

0 comments 0 үзэлт
Нью-Йоркт галзуу өвчинтэй элбэнх олноор илэрчээ

Нью-Йорк хотод элбэнхийн дунд галзуу өвчний дэгдэлт бүртгэгдэж, халдвар авсан амьтад хамгийн олноор Бронкс, Бруклин, Куинс болон Статен-Айлендад илэрчээ. Энэ талаар Нью-Йорк хотын Эрүүл мэндийн газрын мэдээллээс эш татан New York Post мэдээлсэн байна.

2026 он гарснаас хойш хотод галзуу өвчний 26 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн бүтэн жилийн үзүүлэлтээс 30%-иар их, 2024 оны нийт тохиолдлоос 12 дахин давсан үзүүлэлт болжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, өмнө нь элбэнхийн галзуу өвчин бараг тохиолддоггүй байсан дүүргүүдэд вирус идэвхтэй тархаж эхэлсэн байна.

Дэгдэлтийн шалтгаанд зэрлэг амьтдын тоо толгойн байгалийн мөчлөгт өсөлт, зэрлэг бүс нутгийн замбараагүй барилгажилтаас гадна хүний хүчин зүйл ч нөлөөлж байгаа гэж үзжээ. Тухайлбал, оршин суугчид зэрлэг амьтдыг дур мэдэн барьж, өөр газар шилжүүлэх, ахуйн хог хаягдлыг ил задгай байлгах, гэрийн тэжээвэр амьтдын хоолыг гадаа орхих нь халдвар шинэ бүсэд тархахад нөлөөлдөг байна.

Галзуу өвчтэй элбэнх заавал түрэмгий байдаггүй

Түгээмэл ойлголтоос ялгаатай нь халдвар авсан элбэнх ихэвчлэн илт түрэмгий болдоггүй бөгөөд саажилтын улмаас сул дорой, чиг баримжаагаа алдсан мэт харагдах нь элбэг аж. Гэсэн ч хотын эрх баригчид иргэдийг зэрлэг амьтдаас зай барих, хоол өгөхгүй байх, хогийн савыг сайтар таглахыг зөвлөжээ. Учир нь галзуу өвчинд цаг тухайд нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хүний амь насанд аюултай.

Дэгдэлтийг хязгаарлахын тулд эрүүл мэндийн байгууллагууд цэцэрлэгт хүрээлэнгүүдэд амаар үйлчилдэг вакцинтай тусгай өгөөш тарааж эхэлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй