АНУ-ын цагдаагийн байгууллага бараг 20 жилийн өмнө үйлдэгдсэн залуу эхийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүллээ. Уг гэмт хэрэгт өөр нэгэн аллагын хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан түүний хуучин найз залууг буруутган яллажээ. Энэ тухай “ABC News” суваг мэдээллээ.
2007 онд Йошека Жармоныг Хьюстон хотын зүүн хойд хэсэгт орших орон сууцнаас нь нас барсан байдалтай олсон байдаг. Хөршүүд нь түүний хоёр бага насны хүүхэд байшингийн гадаа ганцаараа үлдсэн тухай хэл дуулгасны дараа ах Теренс нь дүүгийнхээ цогцсыг олжээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээр, хохирогч эмэгтэйг цахилгааны утсаар боомилж хөнөөсөн байсан бөгөөд нэг гар дээр нь зүсэгдсэн шархнууд байжээ.
Хууль сахиулагчдын хардлага тэр даруй талийгаачийн тухайн үеийн найз залуу Закари Харпер дээр буусан байна. Гэрчүүд хэргийн газрын ойролцоо түүнтэй тун адилхан эрэгтэй явж байсныг харсан төдийгүй Жармоны автомашиныг хожим Харперын аллагын дараа байрлаж байсан газрын ойролцоогоос олжээ.
Талийгаачийн ах ч мөн Харперын хачирхалтай үйлдэлд анхаарал хандуулсан байна. Теренс: «Тэр гэртээ эргэж ирээгүй, маргааш нь ч гэсэн хүүхдүүд яаж байгааг асуухаар ганц ч удаа утас цохиогүй» хэмээн ярьжээ.
Гэсэн хэдий ч тухайн үед мөрдөн байцаагчдад яллах дүгнэлт үйлдэхэд нотлох баримт хангалтгүй байв. Тухайлбал, Харпер болон хохирогчийн гарын хээ хоорондоо холилдсон байсан тул шинжилгээний хариу нэг мөр тодорхой дүгнэлт гаргах боломж олгоогүй аж.
Харин 2026 оны дөрөвдүгээр сард Харперыг 2023 онд үйлдэгдсэн Армин Миразимигийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган баривчилсны дараа уг хуучин хэргийг дахин сөхөх боломж бүрджээ. Мөрдөгчид Жармоны үхлийн нөхцөл байдлыг дахин нягталж, эд мөрийн баримтуудад нэмэлт шинжилгээ хийсний үр дүнд түүнд хуучин найз охиноо хөнөөсөн хэргээр албан ёсоор ял тулгасан байна.
Хэргийн материалаас үзвэл, Жармоныг нас барснаас хойших жилүүдэд Харпер хууль бусаар галт зэвсэг, мансууруулах бодис хадгалсан, мөн хуучин хамтрагчдаа заналхийлсэн зэрэг үндэслэлээр дор хаяж таван удаа эрүүгийн хэрэгт татагдаж байжээ.
Түүнчлэн тэрээр аллага үйлдэхээсээ өмнө Йошекад бие махбодын хүчирхийлэл үйлддэг байсныг цагдаа нар тогтоосон байна. Талийгаачийн ах энэ тухай дүүгээ нас барсны дараа л мэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч: «Тэр дүүг минь зоддог байсан ч нүүр рүү нь цохидоггүй байж. Бүх зүйл болж өнгөрсний дараа л би энэ тухай мэдсэн» хэмээн хэлжээ.
Одоогоор Харпер Харрис тойргийн шоронд хоригдож байгаа бөгөөд шүүх түүнийг батлан даалтаар суллахаас татгалзсан байна.
