Өнөөдрийн өглөө 09:24 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн гүүрний хойд хэсэгт Туул голд машинтай хүмүүс усанд боогдсон тухай дуудлага иржээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид очиход “Toyota Harrier” загварын автомашинтай хоёр иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байсныг аварсан байна.
Мөн Баянзүрхийн гүүрнээс эхлээд Минж үржүүлэг хүртэлх голын эргийн дагуу голын салаанд усанд боогдсон 11 насанд хүрэгч, 4 хүүхдийг зөөвөрлөж, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Сүүлийн үед нийт нутгаар орж буй хур тунадасны нөлөөгөөр гол мөрний усны түвшин нэмэгдэж байгаа учраас иргэд амралт, зугаалгаар явахдаа гол усны ослоос сэргийлж, өөрсдийн аюулгүй байдлыг онцгой анхаарахыг нийслэлийн Онцгой байдлын газар сануулж байна.