Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатарын удаа дараагийн мэдэгдэлтэй холбогдуулан “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгчийн хүсэлтийг маргааш Байнгын хороогоор хэлэлцэж магадгүй
Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж болзошгүй байна.
Улмаар энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 19-20-нд болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг оруулж, шийдвэрлэх боломжтой талаар мэдээлжээ.
Гэхдээ Ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсэн эсэх, Байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх тов батлагдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ээлжит бус сонгуулийг 2027 оны гуравдугаар сарын 20-ны дотор явуулах нөхцөл үүсэж болзошгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх зохицуулалттай.
Энэ тохиолдолд Ерөнхийлөгч хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлж, парламент хүсэлтийг ёсоор болгосноор түүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно.
Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон нөхцөлд УИХ дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлан явуулах үүрэгтэй гэж эх сурвалжид дурджээ.
Иймд УИХ 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, бүрэн эрхийг нь дуусгавар болговол 2027 оны гуравдугаар сарын 20-ны дотор ээлжит бус сонгууль зохион байгуулах шаардлага үүсэхээр байна.
Гэхдээ энэ нь УИХ холбогдох шийдвэрийг гаргасан тохиолдолд хэрэгжих нөхцөлт хугацаа бөгөөд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль товлогдсон гэсэн үг биш юм.
