“Twilight”, “The Batman”, “The Odyssey” киноны од, 40 настай Британийн жүжигчин, загвар өмсөгч Роберт Паттинсон Жеймс Бондын дүрд албан ёсоор сонгогджээ. Энэ талаар Variety мэдээлсэн байна.
Олон сарын турш үргэлжилсэн таамаг, хэвлэлээр гарсан мэдээллүүдийн эцэст Amazon MGM болон найруулагч Дени Вильнёв шинэ агент 007-ын дүрийг Роберт Паттинсонд даатгаж, “Aston Martin-ийн түлхүүрийг” түүнд шилжүүлжээ.
“Жеймс Бонд бол кино урлагийн түүхэн дэх хамгийн домогт дүрүүдийн нэг. Агент 007-ын дүрийг бүтээх боломж олдоно гэдэг миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг. Надад итгэл хүлээлгэсэн Дени, Эми, Дэвид, Таня болон Amazon MGM Studios-ийн бүх багт гүнээ талархаж байна. Энэ дүр миний мөрөөдөл биелсэн хэрэг гэж хэлэхэд ч багадах байх. Ийм гайхалтай багтай хамтран ажиллах гэж байгаадаа үнэхээр их догдолж байна” гэж Паттинсон мэдэгдэлдээ хэлжээ.
Дени Вильнёв Паттинсонтой дахин хамтарна
Агент 007-ын тухай 26 дахь киноны найруулагч Дени Вильнёв өмнө нь Паттинсонтой “Dune: Part Three” кинонд хамтран ажилласан байна. Вильнёв шинэ Бондын талаар:
“Юуны өмнө энэ аялалд бидэнтэй нэгдсэн гайхалтай жүжигчдэд чин сэтгэлээсээ талархмаар байна. Бидний эргэн тойронд асар авьяастай хүмүүс байсан ч 007 ганцхан байх ёстой. Роберт Паттинсоныг шинэ Жеймс Бондоор угтан авч байгаадаа маш их баяртай байна. Түүнд 007-ын цаг хугацаанд үл захирагдах мөн чанар бий, үүний зэрэгцээ тэр дүрд цоо шинэ өнгө аяс авчирна. Ажилдаа орох мөчийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Өмнөх Жеймс Бондын дүрийг Британийн жүжигчин Дэниэл Крэйг бүтээсэн. Тэр нийт таван кинонд тоглосон бөгөөд эхнийх нь 2006 оны “Casino Royale”, сүүлчийнх нь 2021 оны “No Time to Die” байв.
2025 оны 2-р сард Жеймс Бондын киноны эрх эзэмшигч Майкл Уилсон, Барбара Брокколи нар Amazon MGM-д франчайзын дараагийн бүтээлүүдийг хийх боломж олгосон байна. Продюсерууд франчайзын уран бүтээлийн хяналтыг Amazon MGM-д 20 сая ам.доллараар шилжүүлжээ.
Роберт Паттинсон долоо дахь агент 007 боллоо
Роберт Паттинсоны хамгийн алдартай дүрүүдийн дунд “Harry Potter and the Goblet of Fire”, “Harry Potter and the Order of the Phoenix” киноны Седрик Диггори, “Twilight” цувралын Эдвард Каллен, “The Batman”-ы Бэтмен, “Mickey 17”-ийн Микки, “The Odyssey”-ийн Антиной, “Dune: Part Three”-ийн Скайтейл багтдаг.
Жеймс Бондын дүрийг анх Шотландын жүжигчин Шон Коннери бүтээж, 1962-1967, 1971 болон 1983 онд агент 007-ын дүрд тогложээ. Түүнээс хойш Жеймс Бондын дүрийг:
- Жорж Лэзенби — 1969
- Рожер Мур — 1973-1985
- Тимоти Далтон — 1987-1989
- Пирс Броснан — 1995-2002
- Дэниэл Крэйг — 2006-2021 нар бүтээсэн байна.
Ингэснээр Роберт Паттинсон Жеймс Бондын дүрийг бүтээх долоо дахь агент 007 болжээ.
