Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн байршлын талаар прокурор Г.Онон мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр, Б.Анхтуяаг Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжилсны дагуу АНУ-д байгаа бөгөөд тус улсад цагаачлалын хүсэлт гаргасан гэх хариу иржээ.
Уг эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний 10:00 цагт эхэлсэн бөгөөд үргэлжилж байна.
Б.Анхтуяа мөрдөгчийн дуудлагаар ирээгүй байжээ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Б.Анхтуяагаас тайлбар, мэдүүлэг авахаар дуудсан боловч тэрбээр товлосон хугацаанд ирээгүй байна. Үүний дараа прокурорын байгууллагаас түүнд удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч мөн ирээгүй аж.
Холбогдох байгууллагууд түүнийг ирээгүй шалтгаан, хаана байгааг тодруулахад Б.Анхтуяа 2026 оны гуравдугаар сард Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогджээ.
Интерполоор дамжуулан байршлыг нь тодруулжээ
Улмаар Б.Анхтуяагийн байршлыг тогтоох зорилгоор Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжилсан байна. Энэ талаар улсын яллагч, прокурор Г.Онон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Б.Анхтуяаг Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжилсан. Үүний дагуу хариу ирүүлсэн бөгөөд Б.Анхтуяа АНУ-д байгаа. Улмаар цагаачлалын хүсэлт гаргасан” хэмээн мэдэгдлээ.
Ийнхүү прокурорын мэдээлснээр, Б.Анхтуяа АНУ-д байгаа болон цагаачлалын хүсэлт гаргасан талаарх мэдээллийг Интерполоор дамжуулан авсан байна. Харин түүний цагаачлалын хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.
