Оюу Толгойд 61 ажилтан өргүүрт саатжээ: Бүгдийг нь аюулгүй гаргав

0 comments
Оюу Толгой

Оюу Толгой уурхайд цахилгааны доголдол үүссэний улмаас гүний уурхайгаас ажилтнуудыг гадарга руу тээвэрлэдэг өргүүр түр зогсож, дотор нь байсан 61 ажилтан саатсан байна. Уурхайн багууд шуурхай ажилласнаар бүх ажилтныг аюулгүй гаргажээ.

Цахилгааны доголдол оройн 18:10 цагт гарчээ

Оюу Толгой уурхайд есдүгээр сарын 3-ны 18:10 цагийн орчимд цахилгааны гэмтэл гарч, уурхайн зарим хэсгийн эрчим хүчний хангамж доголдсон байна. Компанийн мэдээлснээр уурхайн талбай дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орсны улмаас богино залгаа үүсжээ. Ингэснээр цахилгааны шугамын автомат хамгаалалтын систем ажилласан байна.

Үүний дараа гүний уурхайгаас гадарга руу ажилтнууд тээвэрлэдэг өргүүрийн аюулгүй ажиллагааны шаталсан хамгаалалт идэвхжиж, өргүүр автоматаар зогсжээ.

Цахилгааны доголдол гарах үед өргүүр дотор нийт 61 ажилтан байжээ. Уурхайн холбогдох багууд нөхцөл байдал үүссэн даруйд ажиллаж эхэлсэн бөгөөд ажилтнуудыг аюулгүй гаргах ажиллагааг зохион байгуулсан байна.

Шуурхай ажиллагааны үр дүнд тухайн өдрийн 23:57 цагт өргүүрт саатсан бүх 61 ажилтныг гадарга руу гаргажээ. Компанийн мэдээлснээр ажилтнуудын хэн нь ч бэртэж гэмтээгүй байна.

Агаарын урсгал хэвийн байжээ

Өргүүр зогссон хугацаанд уурхайн агааржуулалт болон агаарын урсгал хэвийн ажиллаж байсан гэж “Оюу Толгой” компани мэдээлэв.

Мөн саатсан ажилтнуудтай байнгын холбоотой байж, нөхцөл байдлыг тогтмол хянаж байсан байна. Ингэснээр аврах ажиллагаа үргэлжилж байх хугацаанд ажилтнуудын аюулгүй байдлыг тасралтгүй хянах боломжтой байжээ.

61 ажилтныг гадарга дээр аюулгүй гаргасны дараа эмч болон сэтгэл зүйчид хүлээн авч, шаардлагатай үзлэг, дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн саатсан ажилтнууд төдийгүй тэдний гэр бүлийнхэнд сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлж байгаа талаар компани мэдэгджээ.

“Оюу Толгой” компани цахилгааны доголдол болон өргүүр саатсан үйл явдлын шалтгаан, нөхцөлийг дэлгэрэнгүй судалж байгаа аж. Мөн шалгалтын үр дүнд тулгуурлан ижил төрлийн эрсдэл дахин үүсэхээс сэргийлэхэд шаардлагатай сайжруулалт, арга хэмжээг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй