Холливудын жүжигчин Женнифер Энистон “Найзууд” цувралын хамтран тоглогч, дотнын найз асан Мэттью Перрид олон жилийн өмнө бичсэн хувийн захидлыг дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдээд эсэргүүцэл илэрхийлжээ.
Radar Online-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, уг захидал Перригийн бусад эд зүйлсийн хамт худалдаанд гарахаар төлөвлөгдөж байсан байна. Гэвч Энистон үүнийг мэдсэн даруйдаа жүжигчний өв хөрөнгийг хариуцаж буй хүмүүстэй холбогдож, захидлыг худалдаанаас авахыг шаарджээ.
Эх сурвалжийн хэлснээр, Энистон ийм хувийн шинжтэй дурсамжийг цуглуулгын эд зүйл мэт худалдах гэж байгаад цочирдсон байна. Түүний хувьд ойр дотнын хүнд чин сэтгэлээсээ бичсэн үгс олон нийтийн хэрэглээ, худалдааны зүйл болох ёсгүй гэж үзжээ. Дуудлага худалдааны орлого буяны зорилготой байсан ч жүжигчин байр сууриа өөрчлөөгүй байна.
Перритэй холбоотой дурсамж
Захидлыг “Найзууд” цувралын зураг авалт дуусах үед бичсэн гэж мэдээлжээ. Тухайн үед цуврал арван улирлын дараа өндөрлөж байсан бөгөөд Энистон захидалдаа Перригийн донтох эмгэгтэй хийж байсан тэмцэл, тэдний нөхөрлөл болон түүний ирээдүйд итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Мэттью Перри 2023 оны аравдугаар сард 54 насандаа таалал төгссөн. Түүний нас барсны дараа зарим хувийн эд зүйлийг донтолттой хүмүүст тусалдаг Matthew Perry Foundation сангийн үйл ажиллагаанд зориулан буяны дуудлага худалдаанд оруулахаар болсон юм.
Гэсэн ч Энистоны хувьд энэ захидал энгийн дурсгалын зүйл биш байжээ. Тэрээр олон жилийн турш Перригийн хамгийн ойрын хүмүүсийн нэг байж, түүнийг амьдралынх нь хүнд үеүүдэд дэмжиж ирсэн гэж эх сурвалжууд онцолсон байна. Перри өөрөө ч Энистоны үнэнч нөхөрлөл, халамжид олон удаа талархаж байжээ.
Энистонтой ярилцсаны дараа захидлыг дуудлага худалдаанаас хасаж, эзэнд нь буцаан өгсөн байна.