Архангай аймагт насанд хүрэгчдийн жүдо бөхийн томоохон хэмжээний өрсөлдөөн болох гэж байна. Тус аймгийн жүдо бөхийн холбооноос санаачлан зохион байгуулж буй, өндөр шагналын сантай “ARA OPEN” тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.
Энэхүү тэмцээн нь тус аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсаныг тэмдэглэх, орон нутагт спортын хөгжлийг шинэ түвшинд гаргах чухал алхам болж байна. Мөн хүүхэд, залууст эрүүл амьдралын хэв маяг, зөв хүмүүжлийг төлөвшүүлэх, жүдо спортыг сурталчлах, цаашлаад тус нутгаас ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэн гаргах алсын харааг агуулжээ.
Тэмцээнд Монгол Улсын шилдэг жүдочид, тэр дундаа олимп, дэлхийн хэмжээний медальтнууд ирж хүч чадал, уран мэхээ уралдуулах тул үзэгчид сонирхолтой, ширүүн барилдаануудыг ойроос үзэж сонирхох боломжтой юм. Нийт 150 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 буюу нийт 14 жингийн ангиллаар явагдах бөгөөд тамирчдад дараах шагналыг гардуулна.
- Хувийн жиндээ тэргүүлж, алтан медаль хүртсэн тамирчинд 5 сая төгрөг;
- Дэд байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн болсон жүдочид 3 сая төгрөг;
- Гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль зүүсэн тамирчинд 1 сая төгрөг.