Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд нэгдэн, олон тооны иргэнийг залилсан Монгол Улсын 17 иргэнийг баривчилжээ. Дээрх этгээдүүд нь гадаад улсын цахим луйврын бүлгийн зааварчилгааны дагуу ажиллаж, фэйсбүүк сүлжээнд хуурамч хаягуудаас шууд бичлэг (live) хийх замаар иргэдийг төөрөгдүүлдэг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байна.
Тэд хохирогчдын итгэлийг олж авахын тулд Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй гэж худал ухуулахын зэрэгцээ Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохион бүтээж, хонжворын мөнгийг шууд шилжүүлж буй мэт жүжигчилсэн орчныг хилийн чанадаас зориудаар бүрдүүлдэг байжээ. Уг бүлэглэл цахим орчинд иргэдийг дараах нэр бүхий азтан шалгаруулах хуурамч сугалаануудаар урхиддаг байсан аж:
- “Хусдаг сугалаа”
- “Алт, үнэт эдлэлийн сугалаа”
- “Үнэт болон уурхайн чулуу”-ны сугалаа
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналт дор явагдаж буй уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 болон 20.3 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг аваад байна. Албаныхны мэдээлснээр, манай улсад 2025 оны долдугаар сараас эхлэн бүртгэгдэж эхэлсэн энэхүү залилангийн улмаас урьдчилсан байдлаар 1,742 иргэн хохирч, 5.2 тэрбум төгрөгийн санхүүгийн асар том хохирол амсаад байгаа юм.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлийн гишүүн болох Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан, энэ төрлийн луйврыг дахин үйлдэхээр бэлтгэж байсныг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тэднийг яллагдагчаар татаж, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын “Улаан булант зар”-аар эрэн сурвалжлан, эх оронд нь албадан ирүүлэх ажиллагааг прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж эхэлсэн байна.