Өмнөд Африкийн жүжигчин Арнольд Вослу “Мумия” франчайзын гол эсрэг дүр, дээд санваартан Имхотепын дүрд дөрөвдүгээр ангид дахин тоглохоор болжээ. Тэр энэ тухай зохиолч Жек Каррын Danger Close Podcast-д ярьсан байна. Шинэ адал явдалт тулаант кино “Мумия: Үхэгсдийн ном” нэртэй гарах бөгөөд Вослу кинонд тоглох гэрээндээ аль хэдийн гарын үсэг зуржээ. Тэр 11-р сард зураг авалтын багт нэгдэх юм.
“Имхотеп эргэн ирлээ. Хэн нэгэн намайг сэрээж, Үхэгсдийн номын тарни уншина. Ингээд би энд байна” гэж жүжигчин ярьжээ.
Вослугийн хэлснээр, дөрөвдүгээр ангийн зохиол “маш сайн” болсон байна. Мөн тусгай технологийн тусламжтайгаар тэр анхны кинонд тоглож байсан 38 настай үеийнхээ төрхөөр дэлгэцэнд гарах аж. Франчайзын эхний анги бараг 30 жилийн өмнө нээлтээ хийсэн юм.
Өөр ямар жүжигчид оролцохоо баталсан бэ?
“Мумия: Үхэгсдийн ном” киног анх 2028 оны 5-р сарын 19-нд нээхээр төлөвлөж байсан ч дараа нь хугацааг урагшлуулж, 2027 оны 10-р сарын 15-нд нээлтээ хийхээр болжээ.
Брендан Фрейзер болон Рэйчел Вайс нар кинонд оролцохоо аль хэдийн баталсан байна. Тэд эхнэр, нөхөр Рик, Эвелин О’Коннелл нарын дүрд дахин тоглоно. 2026 оны 2-р сард хоёуланг нь дөрөвдүгээр ангийн зураг авалтын үеэр олж харжээ. Фрейзер Английн Саффолк гүнлэгт мөнгөлөг өнгийн автомашин жолоодож байхдаа зурагт өртсөн бол Вайс Лондон дахь Британийн музейн ойролцоо хуучны хэв маягийн хувцастай явж байхдаа дуранд буусан байна.
Фрейзер, Вайс, Вослу нараас гадна Жон Ханна (Жонатан Карнахан), Одед Фер (Ардет Бей), Кевин Ж. О’Коннор (Бени Габор) нар мөн үргэлжлэлд эргэн ирнэ.

Киноны найруулагчаар Мэтт Беттинелли-Олпин, Тайлер Жиллетт нар ажиллах бөгөөд тэд “Ready or Not” (2019), “Scream” (2022), “Scream VI” (2023) аймшгийн кинонуудаараа танигдсан.
“Мумия” франчайзын өмнөх ангиуд
“Мумия” франчайзын эхний анги 1999 онд нээлтээ хийж, дэлхийн кино театруудаас 409 сая ам.доллараас илүү орлого олжээ. Хоёр жилийн дараа гарсан “Мумия эргэн ирлээ” кино 443 сая ам.долларын орлого олсон байна. Харин 2008 онд гурав дахь анги болох “Мумия: Луугийн эзэн хааны булш” нээлтээ хийжээ.

Эхний хоёр кинонд эрдэнэсийн ангууч Рик О’Коннелл болон египет судлаач Эвелин Карнахан нар алдагдсан Хамунаптра хотыг хайхаар аялдаг. Экспедицийн үеэр тэд хэдэн мянган жилийн өмнө амьдаар нь оршуулсан дээд санваартан Имхотепыг санамсаргүй сэрээдэг.
Гурав дахь кинонд О’Коннелл хүү Алексийн хамт Хятад руу явж, хараал хүрсэн эзэн хаан Цинь Шихуандигийн амгалан байдлыг алдагдуулснаар түүний терракотан армийг дахин амилуулдаг. Баатрууд эрх мэдэл, мөнх амьдралаа буцаан авахыг хүссэн эзэн хааныг зогсоохоор тэмцдэг.

