АНУ-д гурван хүүхдийн аминд хүрсэн гэх эхийн шүүх хурал үргэлжилж байна

0 comments
Линдси Клэнсигийн

АНУ-д 36 настай Линдси Клэнсигийн шүүх хурал үргэлжилж байна. Түүнийг 2023 оны 1-р сард өөрийн гурван хүүхдийн аминд хүрсэн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд Клэнси хүүхдүүдээ хөнөөсөн гэдгээ үгүйсгээгүй ч сэтгэцийн эмгэгийн улмаас гэм буруугүй гэж мэдүүлжээ.

The Guardian-ийн мэдээлснээр, өмгөөллийн тал түүнийг эмгэнэлт хэрэг гарах үед төрсний дараах психозын байдалд байсан гэж үзэж байна. Харин прокурорууд Клэнси үйлдлээ ухамсарлаж байсан, мөн хүүхдүүдийн аминд хүрэхийг урьдчилан төлөвлөсөн гэж маргаж байгаа аж.

Прокурор, өмгөөллийн талын байр суурь зөрж байна

Эмгэнэлт хэрэг Массачусетс муж дахь гэр бүлийнх нь байшинд болсон байна. Мөрдөн шалгах байгууллагын хувилбараар, Клэнси гурван хүүхдийнхээ аминд хүрсний дараа өөрөө амиа хорлохыг завдсан гэж үзэж байна. Харин прокурорын тал энэ оролдлого нь жүжиглэлт байсан байж болзошгүй гэж мэдэгджээ.

Шүүхэд танилцуулсан нотлох баримтуудын дунд гэр бүлийн компьютерээс хийсэн хайлтын мэдээллүүд багтсан байна. Клэнси хүүхдүүд нас барахаас өмнөх саруудад сэтгэцийн эм, детокс хөтөлбөр, маниа, кетамины эмчилгээ, эм хэтрүүлэн бичсэн байж болзошгүй эсэх зэрэг сэдвээр мэдээлэл хайж байжээ.

Мөн хэрэг гарахаас дөрвөн хоногийн өмнө түүний утаснаас “социопатыг эмчилж болох уу?” гэсэн хайлт илэрсэн байна. Тэмдэглэлүүдэд нь сэтгэл гутрал, хүчтэй ядаргаа, хамгийн бага хүү Каллантайгаа харилцахад тулгарч байсан хүндрэлүүдийн тухай бичсэн байжээ.

2022 оны 10-р сарын 25-ны нэгэн тэмдэглэлдээ тэр хүүхдүүдтэйгээ дахин дотно холбоо мэдрэхийг хүсэж буйгаа бичсэн байна. “Би бүх хүүхдүүдтэйгээ хайр, холбоог мэдрэхийг хүсэж байна. Би зүгээр л аз жаргалтай баймаар байна. Тайвширч, хүүхдүүдээ асарч чаддаг болмоор байна. Каллан маш их төлөвлөгдсөн, хүсэж байсан хүүхэд. Би түүнд хүртэх ёстой бүх хайрыг нь өгөхийг хүсэж байна” гэж тэр тэмдэглэлдээ бичжээ.

Прокурорын мэдээлснээр, хэрэг болсон өдөр Клэнси том хүүхдүүдтэйгээ гадаа гарч цасан хүн хийсэн байна. Дараа нь нөхөр Патриктайгаа хоол захиалах талаар бичилцэж, улмаар түүнийг хоол болон эм авахаар гэрээс гарахыг хүсжээ. Обвин яллагчдын үзэж буйгаар, энэ нь нөхрөө гэрээс холдуулах төлөвлөгөөний нэг хэсэг байж болзошгүй аж.

Өмгөөллийн тал үүнтэй санал нийлэхгүй байна. Тэдний хэлснээр, Клэнси хүүхэд төрүүлсний дараа удаан хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудалтай байсан бөгөөд олон удаа эмнэлгийн тусламж хүссэн байна. Шүүх хурлын үеэр түүнд оношлогдоогүй хоёр туйлт эмгэг, төрсний дараах сэтгэл гутрал байсан байж болзошгүй талаар ч ярьжээ.

Мөн өмгөөлөгчид түүний эмчилгээ муу зохицуулагдсан гэж үзэж байна. Янз бүрийн эмч нар түүнд нийт 13 төрлийн эм бичиж өгсөн бөгөөд эцэст нь төрсний дараах психоз үүссэн гэж тэд тайлбарлажээ.

Хэрэг төрсний дараах сэтгэцийн эрүүл мэндийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Клэнси хүүхдүүдийн аминд хүрэхээс өмнө эмч нарт хүүхдүүдэд хор хүргэхийг тушаасан дуу хоолой сонсож байна гэж хэлээгүй аж. Гэсэн ч тэр сэтгэцийн эмчилгээний сувилагчид “өмнө нь хэзээ ч байгаагүй хэт давтагдах бодлууд” болон “бүрэн найдваргүй болсон мэдрэмж”-ийн талаар ярьж байжээ.

Хүүхдүүд нас барсны дараа эмнэлэгт байхдаа Клэнси нөхөртөө “дуу хоолой сонссон” гэж хэлсэн байна.

Энэ хэрэг АНУ-д төрсний дараах эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, мөн ийм нөхцөлд эмнэлгийн систем хэр үр дүнтэй хариу үйлдэл үзүүлдэг талаар өргөн хэлэлцүүлэг үүсгэжээ.

Перинатал үеийн эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндээр мэргэшсэн сэтгэл зүйч Жина Вонгийн хэлснээр, Клэнсигийн хэрэг сошиал сүлжээнд хэт хялбаршуулсан байдлаар яригдах нь олон байна. Тэрээр энэ үйл явц “нюансгүй, сонирхогчийн онош, ёс суртахууны туйлшрал, сенсаац, ташаа мэдээлэл, хүнлэг бус сэтгэгдэл”-ээр дүүрсэн үзэгдэл болсон гэж үзжээ.

Гэсэн ч Вонг энэ хэрэг эхчүүдийн сэтгэцийн хямралд туслах системийн асуудлыг ярилцах “удаан хүлээгдсэн” шалтгаан болсон гэж онцолсон байна. Түүний хэлснээр, эхчүүдийн сэтгэцийн хямрал олонтаа анзаарагдахгүй өнгөрдөг бөгөөд зохицуулалттай үнэлгээ, гэр бүлийн оролцоо, аюулгүй байдлын төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн тусгай бэлтгэл болон олон нийтийн мэдлэг хангалтгүй байдаг аж.

Вонг мөн төрсний дараах психоз нь үргэлж гаднаасаа эмх замбараагүй, илт ойлгомжтой харагддаггүйг тайлбарлажээ. “Хүнд сэтгэцийн эмгэг болон төлөвлөлт, зохион байгуулалттай мэт үйлдэл хийх чадвар заавал нэгнээ үгүйсгэдэггүй. Зохион байгуулалттай үйлдэл хийх чадвар нь сэтгэцийн хувьд эрүүл байсны нотолгоо биш” гэж тэр хэлсэн байна.

Линдси Клэнсигийн шүүх хурал үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй