БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун төрийн эрх мэдлийг өөрийн охин Ким Жү Э-д шилжүүлэн өгөхөөр бэлтгэж байгаа талаар “Associated Press” (AP) агентлаг Хойд Солонгосоос дүрвэсэн, эх оронтойгоо холбоотой хэвээр байгаа 10 орчим эх сурвалжийн дунд явуулсан судалгаанаас эш татан мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр охин одоо ойролцоогоор 13 настай аж. Тэрээр 2022 оны сүүлчээс эхлэн олны өмнө олон арван удаа гарч ирсэн бөгөөд зэвсгийн туршилт, цэргийн парад зэрэг томоохон үйл явдлуудад ямагт эцгийнхээ хамт оролцдог болсон юм. Хойд Солонгосын төрийн төв хэвлэлүүд түүнийг Ким Жөн Уны «хамгийн хайртай», «эрхэм хүндэт» хүүхэд хэмээн тодорхойлж буй бөгөөд БНСУ-ын тагнуулын байгууллага ч түүнийг удирдагчийн суудлыг залгамжлах хамгийн өндөр магадлалтай этгээд гэж үзэж байна.
Лондон дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны дипломатч асан Тэ Ён Хо: «Пуужингийн полигон, үйлдвэрүүдээр зочлох үеэр Хойд Солонгосын өндөр дээд албан тушаалтнууд Ким Жү Э-тэй зүгээр нэг Ким Жөн Уны охин мэтээр бус, харин албан ёсны залгамжлагчийн ёсоор төрийн тусгай протоколын дагуу харьцаж байгаа нь харагддаг» хэмээн мэдэгджээ.
Судалгаанд хамрагдсан 11 дүрвэгчийн найм нь уг байр суурийг дэмжиж байгаа бол үлдсэн хэсэг нь Хойд Солонгосын нийгмийн эцгийн эрхт (патриархаль) уламжлалыг үндэслэн эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, БНСУ-ын Нэгдлийн яамны мэдээллээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 17 хэлтсийн ердөө ганцыг нь л эмэгтэй хүн удирддаг бөгөөд тэр нь төрийн тэргүүний төрсөн дүү Ким Ё Жон юм.
Хойд Солонгосын армийн офицер асан Ким Жон А: «БНАСАУ дахь миний холбоотнууд энэ бяцхан охиныг дээд удирдагчаар өргөмжлөн хүндэтгэх нь утга учиргүй хэрэг болно гэж үзэж байгаа» хэмээн ярьсан байна.
Гэсэн хэдий ч өдгөө дөнгөж 40 гарч яваа Ким Жөн Ун Ким угсааны төрийн засаглалыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд өөрийн үр хүүхдийн аль нэгийг залгамжлагчаар сонгох нь гарцаагүй гэдэг дээр шинжээчид санал нэгдэж байна.
