Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Эбола вирусийн дэгдэлтийн улмаас нас барсан хүний тоо 1500-гаас давжээ. Associated Press орон нутгийн эрх баригчдын мэдээллээс эш татан дамжуулснаар, нийт халдвар авсан хүний тоо 3440-д хүрсэн байна.
Нас баралт долоо хоногийн дотор огцом өсжээ
Мэдээллийн дагуу нас барсан хүний тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн байна. Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв буюу Africa CDC энэ огцом өсөлтийн нэг шалтгаан нь зарим халдвар болон нас баралтын мэдээлэл хожуу ирсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь Итури мужид амьдарч байна. Тус бүсэд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа тул эмнэлгийн тусламж үзүүлэх, өвчнийг хянах ажил ихээхэн хүндрэлтэй байгаа аж.
Нас баралтын ихэнх нь эмчилгээний төвөөс гадуур бүртгэгджээ
Africa CDC-ийн мэдээлснээр, нийт нас баралтын 63 хувь нь өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх төвүүдээс гадуур бүртгэгдсэн байна. Энэ нь дэгдэлтийн эсрэг авч буй арга хэмжээ хангалтгүй байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
БНАКУ-ын зүүн хэсэгт Эболагийн дэгдэлтийг 5-р сарын 15-нд албан ёсоор зарласан. Одоогоор уг дэгдэлтийг энэ өвчний ажиглалтын түүхэн дэх хамгийн хурдан тархаж буй тохиолдол гэж хүлээн зөвшөөрөөд байна.