Ардчилсан намаас долоо хоног бүр зохион байгуулан явуулдаг “4:11” мэдээллийн хөтөлбөр “Төрийн өмчийн хулгай бас төсөв” сэдвийн дор өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Нийслэлийн төсвийн асар их алдагдал болон төрийн өмчит компаниудын дарга нарын тансаглалыг хатуу шүүмжилж, байр сууриа илэрхийллээ.
Нийслэлийн төсөв болон дарга нарын хангамжийн талаарх шүүмжлэл:
- Төсвийн асар их алдагдал: Улсын төсвийн алдагдал 1–2 их наяд дээр маргаан үүсдэг атал Нийслэлийн төсвийн алдагдал 7 их наяд төгрөгт хүрснийг онцолов.
- Өндөр цалин ба тансаглал: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжийн дарга нар сард дунджаар 10–20 сая төгрөгийн цалин авч, хэдэн тэрбумын орон сууцанд амьдарч байна.
- Үр ашиггүй зардлууд: Нэг дарга 15 туслахтайгаас гадна тэдний ууж идэх архи, дарсны мөнгийг нийслэлийн төсвөөс гаргаж байсан нь сонсголоор ил болсон хэмээв.
- Төрийн машины ашиглалт: Албаны цэнхэр дугаартай машин унадаг дарга нэг ч байхгүй, төрийн өмчийг дур зоргоороо ашиглаж буйг сануулав.
Хувийн хэвшлийнхэн баялаг бүтээхийн тулд хуруу хумсаа хугалан зүтгэж байхад ямар ч бизнес эрхэлдэггүй атлаа төрийн албаар дамжин амьдралын өндөр түвшинд тансаглаж буй явдлыг тэрээр буруутгав. Ийнхүү дээрээсээ доошоо хүртэл төрийн өмчийг хумслах тогтолцоо бүрэлдсэнийг нэн даруй зогсоож, төсвийн сахилга батыг чангаруулах шаардлагатайг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
