Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болжээ.
Шаардлагатай тохиолдолд томуугийн улирал дуустал эмчилгээний бодит гүйцэтгэлд үндэслэн нэмэлт санхүүжилт олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж тогтоогдсон хүүхэд гэрийнхээ ойролцоох өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд эмчлүүлэх бөгөөд эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах юм.
Нэг хүүхдийн эмчилгээнд 100 мянган төгрөгийн багц олгоно
Хүүхдийн өдрийн эмчилгээний нэг багцын санхүүжилт 100,000 төгрөг байна.
Энэхүү зардалд эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтаар хэрэглэх эм, физик болон утлага эмчилгээ зэрэг өдрийн эмчилгээнд шаардлагатай үйлчилгээ багтана.
Тиймээс өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн хувьд эмчийн бичиж өгсөн шаардлагатай эмийг эцэг эх, асран хамгаалагч өөрийн хөрөнгөөр худалдан авах шаардлагагүй. Тухайн эрүүл мэндийн байгууллага эмчилгээ, эмийн зардлыг даатгалын санхүүжилтийн хүрээнд зохион байгуулах юм.
Гэхдээ энэ нь томуу, ханиадны бүх эмийг эмийн сангаас хүссэнээрээ үнэ төлбөргүй авах зохицуулалт биш. Хүүхдийг эмч үзэж, өдрийн эмчилгээ шаардлагатай гэж шийдвэрлэсэн тохиолдолд дээрх багц үйлчлэх юм.
Хүүхдээ харьяа эрүүл мэндийн төвдөө үзүүлнэ
Хүүхэд халуурах, ханиалгах болон томуу төст бусад шинж тэмдэг илэрвэл эцэг эх, асран хамгаалагчид харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандах шаардлагатай.
Эмч хүүхдийн биеийн байдлыг үнэлсний дараа өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл тухайн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлэх боломжтой.
Энэхүү зохицуулалтын гол зорилго нь хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг гэрт нь ойр хүргэх, эцэг эхчүүдэд эмчилгээний нэмэлт санхүүгийн дарамт үүсгэхгүй байх явдал юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн тусламж үйлчилгээ болон даатгалын сангаас гаргасан зардлын мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд танилцуулахаар болжээ.
