Эверестийн “үхлийн бүс”-ээс 52 настай шерпаг зургаан хоногийн дараа эсэн мэнд аварчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эверестийн үхлийн бүсэд сураггүй болсон шерпа зургаан хоногийн дараа олджээ

Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн ууланд хүн үнэмшимгүй гайхалтай үйл явдал тохиож, олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Уулын хамгийн аюултай хэсэг буюу “үхлийн бүс”-эд төөрдөгчдийг эрэн хайх явцад Сагарматхагийн бохирдлыг хянах хорооны (SPCC) хог хаягдлын менежментийн багийнхан Крампон цэг дээрээс нэгэн сураггүй болсон ууланд авирагчийг олж тогтоожээ. Зургаан хоногийн турш байгалийн хатуу ширүүн уур амьсгалтай тэмцэж, амьд үлдэж чадсан эл эрхмийг Дава Шерпа гэдэг бөгөөд тэрбээр өдгөө 52 настай аж.

Балбын Охалдхунгаас гаралтай Дава Шерпа нь өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр Эверестийн дээд цэгээс доошлох явцдаа сураг тасарсан байна. Тэрбээр уулнаас уруудах замдаа III кэмпийн ойролцоо бусдаасаа хоцорч, улмаар багийнхандаа орхигдсоны улмаас ийнхүү ууланд ганцаар үлдсэн байжээ. Түүнийг олсон даруйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, уулнаас буулгах ажлыг шуурхай зохион байгуулсан байна.

“Амьд үлдсэн нь үнэнхүү гайхамшиг”

Уулын хүнд нөхцөлд олон хонох нь амьд үлдэх боломжийг бараг үгүйсгэдэг бөгөөд тохиосон үйл явдлын талаар “SPCC”-гийн гүйцэтгэх захирал Тшэрин Шерпа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Үхлийн бүсээс хоол хүнс, үсгүйгээр буух гэж тэмцэж байсан түүний хувьд энэ бол үнэхээр гайхамшигт явдал” хэмээн дуу алджээ. Дава Шерпа өөрийг нь аварсан хог хаягдлын багийнханд хандан “Өчигдөр би нисдэг тэрэг нисэж явахыг харсан. Мөсөн хүрхрээний хэсгээс би тэдэн рүү хоёр ч удаа далласан боловч намайг хараагүй” хэмээн өнгөрсөн өдрүүдийн хүнд бэрх дурсамжаасаа хуваалцсан байна.

Түүнийг эрэн хайх зорилгоор агаарын тандалт хийж байсан нисдэг тэрэгний багт дараах хүмүүс багтаж байжээ:

  • Нисдэг тэрэгний нисгэгч, ахмад Бибек Хадка
  • Түүнд туслахаар явсан хөтөч Пранав Шерпа
  • Давагийн хамаатан Анг Ками Шерпа

Энэхүү ер бусын аврах ажиллагааны мэдээллийг The Tourism Times агентлаг хамгийн анх олон нийтэд мэдээлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй