Орон нутагт хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн ноцтой нөхцөл байдал үүсэж, эмнэлгийн байгууллагаас яаралтай сэрэмжлүүлэг гаргалаа. Тодруулбал, багачуудын дунд түгээмэл болоод буй “Буузан тоглоом” болон “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүд хордож, биеийн байдал нь заналхийлсэн тохиолдлууд шил даран гарчээ. Цогтцэций сум дундын эмнэлгийн өгсөн мэдээллээр сүүлийн 2 хоногийн хугацаанд ийм шалтгаантай 6 хүүхэд тусламж авснаас 4 нь яг өнөөдөр бүртгэгдэн эмчлүүлж байна.
Илэрч буй аюултай шинж тэмдгүүд
Уг тоглоомуудтай харьцсаны дараа хүүхдийн бие махбодод богино хугацаанд хүчтэй өөрчлөлт орж байгааг эмч нар анхааруулав. Хүүхдийн биед химийн бодисын нөлөөгөөр дараах харшлын хүнд хэлбэрийн шинжүүд илэрч байна:
- Арьсан дээр улаан өнгийн тууралт гарах.
- Нүүр, ам, уруул болон нүдний орчимд үлэмж хэмжээгээр хавдах.
- Биеийн хаа сайгүй гөвдрүү үүсэх.

Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх нэр төрлийн тоглоомуудыг хүүхдэдээ огт тоглуулахгүй байхыг хатуу сануулж байна. Хэрэв таны гэрт эдгээр тоглоом аль хэдийнэ байгаа бол нэн даруй хогийн саванд хаяж, хэрэглээнээс бүрмөсөн гаргах шаардлагатай. Хүүхдийн биед ямар нэгэн байдлаар улайх, хавдах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө.