Францын Сона ба Луара департаментын хууль сахиулагчид жолооч нарт хандан анхааруулга гаргалаа. Үүнд иссэн жимс идэж, “согтсон” байж болзошгүй буга замын хөдөлгөөнд аюул учруулсан хачирхалтай явдал нөлөөлжээ. Энэ талаар “Fox8” агентлаг мэдээлэв.
Цахим орчинд тархсан бичлэгт нэгэн буга замын хажууд тойрог болон гүйж, дэвхцэж, тэнцвэрээ алдан унаж байгаа нь буужээ. Жандармерийн (Францын дотоодын цэргийн цагдаа) албаныхан энэ талаар “Замын хөдөлгөөнд оролцогч бүр эрүүл биш байна. Үүний баталгааг бичлэгээс үзнэ үү” хэмээн хошигнон нийтэлсэн байна.
Хууль сахиулагчдын таамаглаж буйгаар, уг буга иссэн жимс, боргоцой эсвэл муудсан ургамал идсэнээс болж согтсон байх магадлалтай аж. Ийм төрлийн хүнс исэх явцад спирт үүсдэг бөгөөд энэ нь зэрлэг амьтдын бие махбодод шууд нөлөөлдөг байна. Ийм байдалд орсон амьтад зам руу гэнэт гүйж орох, эмх замбараагүй хөдөлгөөн хийх эсвэл замын голд хөдөлгөөнгүй таг зогсох зэрэг аюултай үйлдэл гаргадаг болохыг цагдаагийнхан тайлбарлалаа.
“Одоогоор замын ‘эзэн’ мэт аяглахад тохиромжтой цаг биш байж магадгүй” хэмээн жандармерийнхан тэмдэглээд, амьтдын зан авир “тааварлашгүй” байгааг онцгойлон анхааруулжээ.
Тиймээс жолооч нарыг шөнийн цагаар болон зэрлэг амьтадтай тааралдах эрсдэл өндөртэй туслах замуудаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иссэн жимс, ургамал нь зөвхөн буга гэлтгүй шувуу, шавьж болон бусад зэрлэг амьтдыг ч “согтоох” аюултай байдаг аж.