БНХАУ-аас зохих зөвшөөрөлгүйгээр эм импортолж, улмаар хүнсний дэлгүүрт толгойн өвчин намдаах бэлдмэл нэрээр худалдан борлуулж байсан иргэнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч Ө.О-г холбогдох хууль тогтоомжийг зөрчин, тусгай зөвшөөрөлгүйгээр эм ханган нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа явуулсан гэм буруутайд тооцсон байна.
Хэргийн материалыг сөхвөл, иргэн Ө.О нь 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Хятад улсад үйлдвэрлэгдсэн эмүүдийг хилээр хууль бусаар нэвтрүүлжээ. Тэрбээр уг эмүүдийг тухайн өдрөөсөө эхлэн 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нэгэн хүнсний дэлгүүрт “толгойн эм” хэмээн иргэдэд худалдаалж байгаад хууль хяналтынханд баригдсан байна. Мөрдөн шалгалтаар хураагдсан эмүүд нь дараах шинж чанартай байжээ:
- Сав баглаа боодол: “3х2” гэсэн бичиглэл бүхий жижиг зиплок (цахилгаантай) уутанд савлагдсан.
- Ногоон өнгийн эм: Нийт 7 ширхэг.
- Цагаан өнгийн эм: Нийт 12 ширхэг (нийт 19 ширхэг эм).
Прокурорын байгууллагаас уг үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах” гэмт хэргийн дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид 5.5 сая төгрөгөөр торгох ял оноож, хэрэгт эд mөрийн баримтаар хураагдсан дээрх 19 ширхэг хориотой эмийг бүрмөсөн устгалд оруулахаар шийдвэрлэжээ.