Алдарт “Найзууд” (Friends) цувралын од, жүжигчин Лиза Кудроу шүтэн бишрэгчдийн дунд олон жил үргэлжилсэн Росс, Рэйчел нарын харилцааны талаарх маргаанд өөрийн байр сууриа илэрхийлснийг Independent уламжлав.
Лиза Кудроугийн үзэж буйгаар Дэвид Швиммерийн бүтээсэн Росс Гэллэрийн дүр бол “муу залуу” байсан бөгөөд Женнифер Энистоны дүр болох Рэйчел Грин түүнтэй эргэж нийлэх хэрэггүй байжээ. Жүжигчин бүсгүй ялангуяа Россын Рэйчелийн ажил хэргийн асуудалд хандаж байсан хандлагыг онцгойлон шүүмжилсэн байна. Түүнийхээр бол Росс хамтрагчаа карьерынхаа төлөө хичээж, хүнд хэцүү үеийг туулж байхад нь дэмжихийн оронд жижиг сажиг зүйл дээр дөрөөлөн уурсаж байсан нь “аймшигтай” үйлдэл байсан гэнэ.
Түүнчлэн Кудроу “Найзууд” цувралын зохиолчдын баг доторх “хорт маскулин” (toxic masculinity) орчны талаар нээлттэй ярьжээ. Тухайн үед зохиолчдын дийлэнх нь эрэгтэйчүүд байсан бөгөөд тэд жүжигчин бүсгүйчүүдийг “Энэ гичий ер нь уншиж чаддаг юм уу?” гэх зэргээр бүдүүлэг шүүмжилдэг байсан аж. Мөн тэд амралтын өрөөнд Женнифер Энистон, Кортни Кокс нарын талаарх бэлгийн дур хүсэл, өөрсдийн төсөөллөө ил тод ярилцдаг байсныг Лиза Кудроу дурдсан байна.
“Найзууд” (1994-2003) бол Нью-Йорк хотод амьдардаг Моника, Фиби, Рэйчел, Росс, Жоуи, Чендлер гэх зургаан найзын амьдралыг харуулсан Америкийн домогт ситком цуврал билээ.