“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд жил бүрийн тав болон ес дүгээр сарын бүх Бямба, Ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр юм.
Өмнөх жилүүдэд уг хөдөлгөөн “Хашаандаа мод тарья”, “Алтан намар мод тарих цаг” зэрэг уриан дор зохион байгуулагдаж байсан. Харин энэ онд “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриатайгаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс орон даяар эхэлжээ.
Аяны хүрээнд нийслэлд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах байршлуудад оролцох боломжтой.
Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа:
- Баянзүрх дүүрэг – Жуковын талбай
- Налайх дүүрэг – Соёлын төв ордны талбай
- Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэн
- Чингэлтэй дүүрэг – Барилгачдын талбай
Мод тарих нэгдсэн байршлууд:
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
- Баянгол цэцэрлэгт хүрээлэн
- Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн
- Хоймор хайрхан мод тарих цэг
- Богд хаан уул мод тарих цэг
- Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар
Мод тарих нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгахад ач холбогдолтой. Иймд иргэд, байгууллага, хамт олон, гэр бүлээрээ мод тарих үндэсний аянд оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.