Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын өнөөгийн нөхцөл байдал, ойрын хугацаанд авах арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр ирэх өвөл Монгол Улсад 150 МВт-ын эрчим хүч дутагдах төлөвтэй байгааг анхааруулж, шаардлагатай үед цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл үүсэж болзошгүйг хэлэв.
Сайд Б.Найдалаа өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ энгийн үеийнхээс 7-8 хувиар нэмэгддэгийг онцолсон байна. Харин шинээр ашиглалтад оруулах эх үүсвэр хязгаарлагдмал байгаа тул энэ өвөл эрчим хүчний системд хамгийн хүндрэлтэй үе тохиож болзошгүй гэж үзэж байна.
Тэрээр “Бодит үнэнийг эртхэн хэлэх ёстой. Монгол Улсын хувьд хамгийн хэцүү гэж хэлж болохоор өвөл болно. Өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ энгийн үеийнхээс 7-8 хувиар өсдөг. Бид нарын нэмж шинээр ашиглалтад оруулах эх үүсвэр бага байгаа. 2026 онд хоёр эх үүсвэр ашиглалтад орохоор байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 70 МВт-ын станц барьж байна. Долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нөгөө нь БНХАУ-аас 80 МВт цахилгаан эрчим хүч импортлох дэд бүтцийн ажлыг хийж байгаа.
Тасалдал үүсэхээс сэргийлэх хэд хэдэн арга бий.
Нэгд, доголдол гаргахгүйн тулд завсар үйлчилгээг чанартай, цаг алдалгүй хийх
Хоёрт, саяхан Засгийн газрын хурлаар шийдвэрлэсэн тогтоолын дагуу таван газарт сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцыг өвлөөс өмнө ашиглалтад оруулах. Эдгээрийг хийж чадвал нийт 240 МВт сэргээгдэх эрчим хүчний чадал бий болно. Бид өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, тохируулгын чадавхыг нэмнэ” гэв.
2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн эх үүсвэрүүд:
- Сэлэнгэ аймаг дахь 70 МВт-ын станц
- БНХАУ-аас импортлох 80 МВт цахилгаан эрчим хүчний дэд бүтэц
- Таван байршилд барих сэргээгдэх эрчим хүчний станцууд
- Нийт 240 МВт сэргээгдэх эрчим хүчний чадал
Эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийх, тохируулгын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Гэсэн ч эрчим хүчний хэрэглээ өсөх үед системд ачаалал нэмэгдэх эрсдэл хэвээр байгааг салбарын сайд анхаарууллаа.