Монгол бахархлын өдрийн барилдаанд улсын гарди М.Лхагвагэрэл анх удаа түрүүллээ

0 comments 5 үзэлт
М.Лхагвагэрэл

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хааны цом”-ын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр ёслол төгөлдөр боллоо. Улс, аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүд зодоглосон тус барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын гарди М.Лхагвагэрэл долоо даван түрүүлж, “Чингис хааны цом”-ыг анх удаагаа өргөв. Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, даян аварга Б.Орхонбаяр зургаа даван үзүүрлэлээ.

Улсын гарди М.Лхагвагэрэл энэхүү түүхэн өдрийн барилдаанд анхны түрүүгээ авсан бол даян аварга Б.Орхонбаяр тус барилдаанд хоёр дахь удаагаа үзүүрлэж буй нь энэ юм. Тэмцээний их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын аварга О.Хангай болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн Аварга” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, улсын заан Д.Алтанцоож нар тус тус шалгарлаа.

М.Лхагвагэрэл Даян аварга Б.Орхонбаярыг давж, “Чингис хаан цом”-ын эзэн боллоо

Төрийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулав

Барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулан өглөө. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар ёслолын арга хэмжээнд оролцож, амжилт гаргасан хүчит бөхчүүдэд баяр хүргэж амжилт хүссэн байна.

Улс, аймгийн өндөр цолтой хүчит 128 бөхийн энэхүү барилдаан нь уран мэхийг уралдуулсан ширүүн өрсөлдөөнтэй өрнөж, үндэсний их өв соёл, монгол бөхийн сүр хүчийг түмэн олноо бахдуулан харууллаа. Төрийн дээд хүндэтгэл дор өрнөсөн уг барилдаан нь Монгол бахархлын өдрийн утга агуулгыг тодотгож, эх түүх, уламжлалаа дээдлэх ард түмний баяр цэнгэлийг улам бүр хөглөсөн чухал үйл явдал боллоо.

М.Лхагвагэрэл Даян аварга Б.Орхонбаярыг давж, “Чингис хаан цом”-ын эзэн боллоо

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй