Гурван физикч бүр 66 жилийн өмнө 2026 оны 11 дүгээр сарын 13-ны баасан гарагт дэлхийн төгсгөл ирнэ гэж таамаглаж байжээ. Энэ тухай Германы “Der Spiegel” сэтгүүл 1960 онд шинжлэх ухааны “Science” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас эш татан сануулсан байна.
Энэхүү ер бусын таамгийг Австрийн физикч Хайнц фон Фёрстер болон Иллинойсын их сургуулийн түүний хоёр хамтран зүтгэгч дэвшүүлжээ. Эрдэмтэд дэлхийн хүн амын хэт хурдацтай өсөлтийн улмаас хүн төрөлхтөн мөхөж болзошгүй гэж үзсэн байна.
Тэдний тооцоолсноор хүн амын тоо хоёр дахин нэмэгдэхэд шаардагдах хугацаа тасралтгүй богиноссоор байв. Хэрэв энэ хандлага хэвээр үргэлжилсэн бол 2026 он гэхэд манай гарагийн хүн ам онолын хувьд хязгааргүй утгад хүрэх байжээ.
Сонирхолтой нь, судлаачид анх дэлхийн сүйрлийн яг тодорхой өдрийг заагаагүй аж. Тэдний гаргасан томьёо зөвхөн хэдэн жилийн зөрүүтэйгээр 2026 оныг л зааж байсан тул фон Фёрстер өөрийнх нь төрсөн өдөртэй давхцаж байсан 11 дүгээр сарын 13-ны баасан гарагийг сонгохоор шийджээ.
Гэсэн хэдий ч дэлхийн сүйрэлд санаа зовох шаардлагагүй юм. Орчин үеийн эрдэмтдийн тайлбарлаж буйгаар уг математик загвар нь зөвхөн түүхийн тодорхой нэг үед л үйлчлэх боломжтой байжээ. Өдгөө дэлхий дээр 8.3 тэрбум орчим хүн амьдарч байгаа бөгөөд хүн амын өсөлтийн хурд мэдэгдэхүйц удааширсан байна.
