“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 21-нээс Төв цэнгэлдэхэд эхэлнэ

0 comments
Намрын ногоон өдрүүд

Дотоодын шинэ ургац, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломж бүрдүүлдэг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нээс Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэхээр болжээ. Арга хэмжээг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ үйлдвэрлэгч, хэрэглэгчийг шууд холбох зорилгоор зохион байгуулна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба уг арга хэмжээг 21 дэх жилдээ хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн худалдаанд шинэ ургацын хүнсний ногоо, жимс, мөөгөөс гадна үндэсний үйлдвэрлэлийн олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгох юм.

Нийт 218 асар ажиллана

Үзэсгэлэнгийн талбайд хүнсний болон хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл, орон нутгийн үйлдвэрлэгчид, органик бүтээгдэхүүн, газар тариалан болон нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асар байрлуулахаар төлөвлөжээ. Арга хэмжээний хугацаанд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахгүй байх зохицуулалт үйлчлэх аж.

Ингэснээр худалдааны гол хэсгийг дотоодын тариаланч, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн бүрдүүлэхээр байна. Шинэ ургацыг зуучлал багатайгаар хэрэглэгчдэд хүргэх нь тус үзэсгэлэнгийн үндсэн чиглэлийн нэг хэвээр байна.

21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой

“Намрын ногоон өдрүүд”-ийн нэг онцлог нь Монголын 21 аймгийн нэрийн болон брэнд бүтээгдэхүүнийг нэг талбайд төвлөрүүлдэгт оршдог. Мөн үндэсний томоохон үйлдвэрүүд шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдэд шууд хүргэдэг уламжлалтай.

Үзэсгэлэнгийн долоо хоногийн турш салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэлийг сурталчилсан өдөрлөгүүд өдөр бүр зохион байгуулагдана. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн танилцуулга, худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээ давхар явагдах юм.

21 дэх удаагийн “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нийт долоо хоногийн турш үргэлжилнэ. Энэ хугацаанд нийслэлийн иргэд шинэ ургац болон орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг дороос сонгон авах боломжтой байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй