Есдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутаг болон Төв аймгийн хойд сумдаар хөрсний температур 0 хэмээс доошилж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймээс газар тариалан, хүнсний ногоо болон ил задгай талбайн ургамал хүйтэнд өртөх эрсдэлтэйг анхааруулжээ.
Ойрын өдрүүдэд хур тунадасны бүс нутгийн байрлал өөрчлөгдөх бөгөөд зарим уулархаг газарт бороо нойтон цасанд шилжих төлөвтэй байна. Өндөрлөг даваа, гүвээгээр замын гадарга хөлдөж, халтиргаа гулгаа үүсэх боломжтой аж.
Бороо, нойтон цас баруун болон төвийн нутгаас эхэлнэ
Есдүгээр сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Харин 24-нд нутгийн зүүн хэсэг, 25-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр дахин бороо, уулархаг газраар нойтон цас орох төлөв гарчээ.
22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Архангайн ихэнх сум, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим хэсэг, Завхан, Булганы өмнөд, Баянхонгор болон Өвөрхангайн хойд сумдаар 0-7 мм хур тунадас орох төлөвтэй байна. Уулын бүсэд энэ хур тунадас нойтон цас хэлбэрээр орох боломжтой.
Есдүгээр сарын 23-ны өдөр хур тунадасны бүс өргөжинө
23-ны өдөр Говь-Алтай, Архангайн ихэнх сум, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн зарим сум болон Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр бороо орно. Мөн Булган, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0-7 мм хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд өндөрлөг газраар нойтон цас орж болзошгүй байна.
Бусад нутгаар мэдэгдэхүйц хур тунадасгүй боловч ихэнх газар үүлшинэ. Ялангуяа шөнөдөө хүйтрэх бүсүүдэд хөрсний температур огцом буурах тул цаг агаарын нөхцөлд тохируулан зорчих шаардлагатай байна.
