Нью-Йоркийн оршин суугч санамсаргүйгээр “Хүн аалзын байшин”-г худалдаж авчээ

0 comments
Хүн аалзын байшин

Нью-Йоркийн оршин суугч Жек Ши гурван жилийн өмнө Квинсийн Форест-Хиллз дүүрэгт байшин худалдаж авахдаа түүний хаяг Spider-Man буюу Хүн аалзын шүтэн бишрэгчдэд сайн танил гэдгийг мэдээгүй байжээ. Комикст Питер Паркер болон түүний авга эгч Мэй нар Иңграм-стритийн 20 дугаарт амьдардаг гэж гардаг байна.

Энэ байшин олон жилийн турш дэлхийн янз бүрийн орны супер баатрын фэнүүдийг татсаар иржээ. Хүмүүс Хүн аалзын түүхтэй холбоотой газрыг харах, дэргэд нь зураг авахуулахын тулд энд ирдэг аж.

Фэнүүд Ирланд, Англи, Италиас хүртэл ирдэг

“Хүмүүс энд Ирланд, Англи, Италиас ирдэг. Тэд үргэлж зураг авдаг. Мөн олон америк хүн энэ бол Хүн аалзын байшин гэдгийг мэддэг” гэж Ши ярьжээ.

Түүний хэлснээр, байшинг комикстой холбоотой гэдгийг тэр үл хөдлөх хөрөнгөө худалдаж авсныхаа дараа мэдсэн байна. Одоо 64 настай Ши фэнүүдийн байнгын анхааралд тайван ханддаг бөгөөд тэд байшингийн зургийг авахад татгалздаггүй.

“Би тодорхой хэмжээний хариуцлага мэдэрдэг. Учир нь Хүн аалз бол Америкийн сүнс юм. Хэрэв би энд амьдарч байгаа бол Хүн аалз шиг биеэ авч явах ёстой. Хэн нэгэн зураг авахуулахыг хүсвэл би ‘тийм’ гэж хэлдэг” гэж тэр тэмдэглэжээ.

Хүн аалзын байшин

Байшингийн алдартай байдал зөвхөн жуулчдаар хязгаарлагддаггүй. АНУ болон бусад орноос хүүхдүүд Хүн аалзад хаягласан захидал илгээдэг байна. Тэд супер баатраас асуулт асууж, зураг илгээж, бүр гэртээ зочлохыг урьдаг аж. Google Maps дээр ч энэ байшин “Хүн аалзын гэр” гэж тэмдэглэгдсэн байна.

Тухайлбал, Өмнөд Дакотагийн Жулиус нэртэй хүү “Хүн аалз аа, чи ертөнцийг аврах гэх мэт хийдэг бүх зүйлээ яаж хийдэг юм бэ?” гэж асуусан байна. Өөр нэг хүүхэд Хүн аалз болон Deadpool-д зэрэг бичиж, “Манайд ирж тоглож болох уу? Бид хамт зурагт үзэж болно” гэж урьжээ. Мөн Небраскагийн таван настай Кэнноны гэр бүл хүүгийн төрсөн өдөрт Хүн аалзыг урьсан урилга энэ хаягаар илгээсэн байна.

Энэ хаягтай холбоотой түүх илүү гүн байж магадгүй

Ши энэ бүх анхаарал өөрийг нь бухимдуулдаггүй гэжээ. Тэр байшиндаа болон амьдардаг дүүрэгтээ сэтгэл хангалуун байдаг байна.

Иңграм-стрит Хүн аалзын комикстой холбоотой болсон нь зөвхөн хаягийн давхцал биш байж магадгүй гэж зарим оршин суугч үздэг. Тус гудамжинд 30 орчим жил амьдарч буй Фрэнк Торресийн хэлснээр, өмнө нь энэ байшинд Паркер овогтой гэр бүл үнэхээр амьдарч байжээ.

Хүн аалзын байшин

Торресийн ярьснаар, Паркерын гэр бүлийнхэн өөрсдөө түүнд хаяг нь комикстой холбоотой талаар хэлж байсан байна. Тиймээс тэр Хүн аалзын түүхийг бичсэн хүн энэ гудамжинд амьдарч байсан хүмүүсийг мэддэг байсан байж магадгүй гэж таамаглажээ.

“Энд амьдарч байсан хүмүүсийг Паркер гэдэг байсан. Паркерууд энэ тухай надад хэлсэн. Тэгэхээр тэр түүхийг бичсэн хүн эдгээр хүмүүсийг мэддэг байсан байх гэж таамаглахад маш амархан байсан” гэж Торрес хэлсэн байна.

Тэрээр ч мөн тус дүүрэгт ирдэг Хүн аалзын фэнүүдэд дасжээ. Ялангуяа супер баатрын шинэ кинонууд гарсны дараа энэ гудамж илүү их анхаарал татдаг гэж тэр ярьсан байна.

Гэхдээ Том Холландын тоглосон орчин үеийн Spider-Man кинонууд Квинсийн өөр хэсгүүдтэй, тухайлбал Ийст-Ривертэй ойр байрлах Астория болон Лонг-Айленд-Сити дүүргүүдтэй илүү холбоотой аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй