Монголын дугуйчин С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Монголын багийн энэ удаагийн Азийн наадмын медалийн салхийг хагалсан байна.
Уралдаанд Азийн 18 орны 18 тамирчин оролцож, гурван хэсэгт хуваагдан гараанд гарчээ. “Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц Азийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан тул сүүлийн гараанд, төгсгөлөөс хоёр дахь тамирчнаар замд гарсан байна.
Мөнгө, хүрэл медалийн хувь заяаг секундын зууны хоёр шийдэв
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулж, гуравдугаар байрт шалгарчээ. Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд хоёр тамирчны хооронд ердөө 0.02 секундын зөрүү гарсан байна.
Харин Казахстаны Алексей Луценко 41 минут 24.05 секундийн амжилтаар бусдаасаа тасарч, алтан медалийн эзэн болжээ.
Медалийн эзэд:
- Алт — Алексей Луценко, Казахстан — 41:24.05
- Мөнгө — Имамура Шүнсүкэ, Япон — 42:58.04
- Хүрэл — С.Жамбалжамц, Монгол — 42:58.06
Азийн наадмын хоёр дахь хүрлээ зүүлээ
С.Жамбалжамц өмнө нь “Ханжоу–2022” Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм. Ийнхүү тэрбээр тивийн наадмын тавцангаас хоёр дахь удаагаа хүрэл медаль авч, амжилтаа бататгалаа.
Энэ удаагийн уралдааны аварга Алексей Луценко дэлхийн аварга болж байсан бөгөөд Азийн наадамд өмнө нь хоёр удаа түрүүлсэн туршлагатай тамирчин юм. Харин мөнгөн медаль хүртсэн Имамура Шүнсүкэ “Ханжоу–2022” Азийн наадмын аварга цолтой.
