Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэх болон Сонсголон орчимд Туул голын дагуу үүссэн 38.7 га талбай бүхий хууль бус хогийн цэгийг нэн даруй цэвэрлэн, нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарлаа.
Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва энэ талаар мэдээлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хамаарах Туул голын ай сав газарт 2010 оноос хойш зарим аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаягдал хаяснаар өдгөө 1.1 сая тонн хог хуримтлагдсан байна. Энэ нь Газрын тухай, Эрүүл ахуйн тухай, Хог хаягдлын тухай, Усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж байгаа юм. Нийслэлийн 1.8 сая иргэний ундны усны эх үүсвэр, Туул голын экосистемд аюул учруулж буй уг хогийн цэгийг арилгаж цэвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрд даалгалаа.
Мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран Туул голын эрэг, хөрс болон ойролцоох ундны усны худгуудаас шинжилгээ авч, нөхөн сэргээх, халдваргүйжүүлэх, сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Цэвэрлэгээ хийсний дараа тухайн газарт дахин хог хаях явдлыг таслан зогсоох зорилгоор хашаа барьж, хяналтын камер суурилуулах юм. Түүнчлэн энд тогтмол хог асгаж байсан компаниядад хариуцлага тооцон, нүүлгэн шилжүүлэх зардлыг төлүүлж, үйл ажиллагааны зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Цаашид байгалийн үзэсгэлэнт энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгдэв.
