Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн гурав дахь “Хавдрын төв” үүдээ нээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сонгинохайрхан дүүрэгт "Хавдрын төв" нээгдлээ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, ачааллыг хуваалцах болон хүн амд шаардлагатай тусламжийг хамгийн ойр цэгээс хүргэх зорилгоор шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн билээ. Үүний үр дүнд тус эмнэлэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Хавдрын төв”-ийг байгуулах ажлаа амжилттай дуусгаж, өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Энэхүү шинэ төв ашиглалтад орсноор дүүргийн иргэд төдийгүй хавдар өвчинтэй тэмцэж буй эмчлүүлэгчид заавал Улсын гуравдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй болж, тав тухтай орчинд чанартай тусламж, үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломж бүрдэж байна. Тус төвд дараах төрлийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр баг бүрэлдэхүүнээ бүрдүүлжээ:

  • Үзлэг, оношилгоо: Хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө болон хавдрын эрт илрүүлэг;
  • Эмчилгээ, мэс засал: Хавдрын хими эмчилгээ, бай эмчилгээ, химийн хордлого тайлах эмчилгээ болон хавдрын үеийн дурангийн мэс засал;
  • Дэмжих үйлчилгээ: Хавдрын сэргээн засах эмчилгээ, сэтгэл зүйч болон хоол зүйчийн төрөлжсөн зөвлөгөө.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Хавдрын төв” нь нийслэл хотын хэмжээнд дүүргийн түвшинд нээгдэж буй 3 дахь том төв болж байгаагаараа онцлогтой. Нээлтийн соёл, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хавдар өвчнийг эрэлхэгээр туулан, ялан дийлж чадсан дөрвөн эмчлүүлэгч тусгайлан зассан “Ялалтын хонх”-ыг цохиж, бусад өвчтөнүүддээ урам зориг хайрласан юм. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс тэдэнд хүндэтгэл үзүүлж, эрүүл энхийг хүсэн баяр хүргэлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй