Их Британийн оршин суугч Артур Пламмер 80 насандаа тэргэнцэрт хүргэсэн хүнд онош сонссон хэдий ч нэгэн шинэ зуршлынхаа ачаар эргэн хөл дээрээ босож чаджээ. Энэ талаар тэрээр The Guardian сонинд ярьсан байна.
Өдгөө 92 настай Пламмерын ярьснаар, түүнд үе мөч өвдөж, хөшихөд хүргэдэг үрэвсэлт өвчин болох ревматик полимиалги оношлогджээ. “Би гэрийнхээ үүдний зам дээр тэргэнцэртэй сууж байхад хүмүүс хажуугаар өнгөрч, би өөрийгөө хавханд орсон мэт мэдэрдэг байсан” гэж тэрээр хуваалцав. Чухам тэр үед Артур дугуй унах сонирхлоо эргэн дурсжээ.
Өндөр настан дугуйн дээр суугаад зогсохгүй тогтмол унаж эхэлсэн байна. Үүний ачаар тэрээр хөлнийхөө булчинг сэргээж, одоо бие даан явах чадвартай болжээ. Пламмер явган явахдаа эхнэр болон найзуудынхаа араас гүйцэхэд бэрх байдаг ч дугуйгаар жилд хэдэн мянган километр зам туулдаг байна.
“Би өөртөө ч итгэмээргүй эрч хүчээр дүүрэн байна. Амьдралынхаа сүүлчийн өдрийг ч гэсэн дугуйн дээрээ угтана гэж найддаг” хэмээн тэрээр нэмж ярив.
