“Улаанбаатар марафон 2026”-ын түрүү тамирчны сорьцоос триметазидин илэрчээ

0 comments
“Улаанбаатар марафон 2026”-ын түрүү тамирчны сорьцоос триметазидин илэрчээ

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигийн допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр триметазидин илэрсэн талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага мэдээлжээ. Сорьцыг тавдугаар сарын 23-нд буюу тэмцээн болсон өдөр авсан байна.

Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн /WADA/ Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд багтдаг бодис бөгөөд тэмцээний үеэр болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглодог аж.

Эцсийн шийдвэр хараахан гараагүй

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага тухайн шинжилгээний дүнтэй холбоотой үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлж байгаа гэж мэдэгджээ.

Лабораторийн ийм дүн гарсан нь тамирчин допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь эцэслэн тогтоогдсон гэсэн үг биш. Тамирчин тайлбар өгөх, Б сорьцоо шинжлүүлэх, үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд эцсийн шийдвэр гарсны дараа холбогдох үр дагаврыг нийтэд мэдээлэх аж.

Триметазидин өмнө нь Н.Батсуурийн сорьцоос илэрч байв

Энэ төрлийн бодис Монголын спортод өмнө нь ч анхаарал татаж байсан. 2020 оны Улсын баяр наадамд үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсуурийн шинжилгээнээс мөн триметазидин илэрч байжээ.

Тухайн үед Н.Батсуурь лабораторийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэн, уг бодис хориотой ангилалд багтдаг болохыг тайлбарлаж байсан юм. Тэрбээр мөн хариуцлагаа хүлээнэ гэдгээ илэрхийлж, бөх сонирхогчдоос уучлалт хүсэж байжээ.

Ийнхүү “Улаанбаатар марафон 2026”-ын түрүү тамирчны сорьцтой холбоотой ажиллагаа одоогоор дуусаагүй байна. Серой Андерсон Сайтотигийн хувьд допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан эсэх нь холбогдох ажиллагаа бүрэн дууссаны дараа тодорхой болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй