Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл ирэх сарын 10-наас эхэлнэ

2 comments
Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх болон ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах замаар орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд эхний ээлжид БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын “Ногоон нуур” хороолол болон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Солонго-1, 2” төслийн 2042 айлын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөлөө.

Тодруулбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах юм. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн долоон байршилд газраа чөлөөлсөн айл өрхүүдийг шинээр ашиглалтад орсон эдгээр орон сууцанд нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууцыг түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр авах хүсэлтэй иргэдийг ирэх сарын 10-наас цахимаар бүртгэхээр бэлтгэл хангаж байна.

Бүртгүүлсэн иргэдийг 100 онооны системээр үнэлж, хамгийн өндөр оноо авсан иргэдийг эхний ээлжид шалгаруулах аж. Энэхүү ажлыг зохион байгуулахтай холбоотой Засгийн газрын тогтоол тун удахгүй гарах юм.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн мэдээлснээр, “Солонго-1, 2” төсөл нь нийт 5002 айлын орон сууцнаас бүрдэх бөгөөд энэ жил 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Үлдсэн орон сууцыг ирэх оны III улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн төрийн санхүүжилтээр нийслэлийн есөн байршилд 2026–2028 онд 24 мянга орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Эрдэнэхүү 9 сар 25, 2026 - 12:46

Хэрэгтэй хүмүүстээ үнэхээр тус болоосой гэж хүсэж байна

Reply
Нарангэрэл 9 сар 25, 2026 - 12:58

Онлайн систем нь гацахгүй, шударга ажиллаасай даа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй