УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Дархан-Уул аймагт ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 2028 он хүртэл шатахууны нөөц савыг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь өсгөх зорилтын хэрэгжилттэй танилцлаа.
Энэхүү бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Тэс Петролиум” ХХК-ийн шатахуун агуулахын өргөтгөлийн төслийн угсралт 85 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус компанийн агуулахын хүчин чадал өмнө нь 4400 м/куб байсныг 10 мянган м/кубээр нэмэгдүүлж, нийт 14,400 м/куб болгосноор тус аймгийн хадгалах чадал 30 хувиар өсөж байгаа юм.
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх стратегийн зорилтууд
Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв аймгуудын хэрэгцээг хангаад зогсохгүй, Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүссэн үед нөхөн дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой. Улсын хэмжээнд шатахууны нөөцийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр дараах гол зорилтуудыг тавин ажиллаж байна:
- Энэ оны зорилт: ААН-үүдтэй хамтран энэ жилдээ багтаан хадгалах савны хүчин чадлыг 150 мянган м/кубээр нэмэгдүүлнэ.
- Ирэх оны зорилт: Хадгалах хүчин чадлыг 300 мянган м/кубт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээг хадгалах боломж бүрдэнэ.
- 2028 оны зорилт: Шатахууны нөөц хадгалах байгууламжуудыг үе шаттай тэлж, улсын ердийн хэрэглээний 3 сар хүртэлх хугацааны нөөцийг хадгалах чадалтай болно.
- Стратегийн байршлууд: Бүтээн байгуулалтыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг гол аймаг, бүс нутгуудад хэрэгжүүлж байна.
Ийнхүү шатахууны нөөц савны багтаамжийг үе шаттайгаар өсгөснөөр геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал болон бусад тодорхойгүй хүчин зүйлээс үүдэн гарч болох үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн түр хугацааны доголдол, тасалдлыг шийдвэрлэх бодитой боломж бүрдэх юм.